Бүтэн гурван цаг орчим Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөр, үйл ажиллагааны тайланг танилцуулсан Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Ц.Нямдорж сайдыг унаагаа зарж, орлогыг нь төсөвт оруул гэсэн. Өөрөө ч аваад уначихсан юм биш юм байна лээ” гэх тайлбарыг тансаг зэрэглэлийн 570 машинаасаа болж өнгөрсөн өдрүүдэд сошиалаар багагүй баалуулсан, танхимынх нь гишүүн, Хууль зүй, дотоод хэргийн сайдынхаа өмнөөс өгчээ.

Зүй нь Ц.Нямдорж У.Хүрэлсүхээр өмөөрүүлэх биш төсвийн 370 сая төгрөгөөр 570 машин авч унасныхаа төлөө сайдын суудлаасаа татгалзсан бол Ардын засгийн нэр хүндэд хэрэгтэй, өөрийнх нь рейтингийг ч өсгөөд өгөх байв.

Хууль зүй, дотоод хэргийн сайд ганц энэ удаад ч биш 500 сая төгрөгийн үнэтэй тансаг зэрэглэлийн түрээсийн байранд амьдардаг, 25-тай хүүдээ хоёр тэрбумын тендерийг “Эрдэнэт”-ээс авч өгсөн гээд урьд өмнө бишгүйдээ л хэл ам, дуулиан шуугианд өртөж байсан. “Аавын хувьд хүүдээ тусалсан төдийхөн” гэсхийгээд ам таглаад өнгөрдөг байснаас албан тушаалаасаа огцорч байсангүй. Уг нь хариуцлагатай, ёс зүйтэй улстөрчидтэй байсан бол Ц.Нямдорж албан тушаалаа аль хэдийнэ өөрөө өгчихсөн байх байсан биз. Адаглаад л өөрийнх нь хэлдгээр Монголын ганц шударга улстөрч мөн бол шүү дээ.

Манайхан гадаадынхныг даган дуурайх дуртай. Хамгийн ойрын жишээ гэхэд л манай Ерөнхийлөгч, Ерөнхий сайд хоёулаа ОХУ-ын тэргүүн В.Путиныг илтэд “хуулбарладаг”. Харамсалтай нь, гадаад төрхийг нь даган дуурайхаас биш гадаадын улстөрчдийн хариуцлага, ёс зүйг өөр дээрээ тусгадаг улстөрчийг Монголоос хайгаад олохгүй.

Хуралдаа суудаггүй, Төрийн ордонд “бандааш”-ны хэрүүл хийдэг, хүчингийн асуудалд холбогдсон, хүүхэд нь хар тамхины хэрэгт орооцолдсон гээд манай улстөрчид хэрэвзээ ёс зүйтэй бол огцрох шалтгаантай олон хүн ордонд сууж байна.

Монголд хэн нэгэн дарга сайд, ёс зүйн хариуцлага хүлээж албан тушаалаасаа огцорвол ёстой нар баруунаасаа гарч, навч цэцэг цементэн дээр ургах биз ээ. Гэвч, тийм ёс зүйтэй хүн манай улс төрд даанч байхгүй. Харин ч ”Би гэм буруугүй” гэж гэдийдэг нь Монголоор нэг байна.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржтой холбоотой баримтыг ТЕГ-ын дарга асан Б.Хурц дэлгэв. Б.Хурцын мэдэгдлийн дараа Ц.Нямдорж сэтгүүлчдэд хандаж, ТЕГ-ын даргыг солино гэдгээ зарлав.

УИХ-ын гишүүн Л.Болдтой холбоотой Хойд Солонгост 300 мянган ам.долларын асуудлыг мөн л ТЕГ-ын дарга Б.Хурц дэлгэж, үүнээс болж хоёр хүн цаазлуулсан талаар Байнгын хорооны хуралдаанд мэдээлэл өгсний дараа гишүүн шүүхэд хандаж байгаагаа зарласан.

УИХ-ын гишүүн Д.Мураттай холбоотой мэдээллийг Бахытгүл хэмээх эмэгтэй дэлгэсний дараа эрхэм гишүүн “Энэ бол эвлүүлэг, гүтгэлэг” гэсэн тайлбар өгсөн.

УИХ-ын хамгийн залуу гишүүн Д.Гантулгын 25 настай бүсгүйг хүчирхийлсэн гэх хэрэг прокурорт шалгагдаж байгаа. Энэ хэрэгт холбогдуулсан Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн хоёр ч ажилтанг АТГ-аас шалгаж эхэлснээ мэдээлсэн.

Ерөнхийлөгч Х.Баттулгын хүү Б.Хүлүгэ хар тамхины хэрэгт нэр нь холбогдоод байгаа. Прокуророос Ерөнхийлөгчийн хүүгийн хэргийг тусгаарлаж, бусад 10 хүний хэргийг шүүхэд шилжүүлсэн гэх мэдээлэл сошиал багагүй шүүмжлэл дагуулах болсон.

Хэрэв гадаадын улстөрчид ийм хэрэгт нэр нь холбогдсон бол тэд аль хэзээний өөрөө огцорчихсон байх байлаа. Тэд огцордог бол бид тохирдог. Тэд бөхийдөг бол манайхан гэдийдэг. Тэд уучлалт гуйдаг бол манайхан улстөржүүлдэг. Тэдний ба манай улстөрчдийн ялгаа энэ.

Ж.ЭРХЭС

 

ХАРИУ ҮЛДЭЭХ