Японы дотоодын хэрэглэгч нар хүртэл импортын хямд бүтээгдэхүүн сонгодог болсон үед “үхрийн махны манлай” өргөмжлөлтэй Вагю махны эрэлт олон улсад нэмэгдэв. Үүнийг дагаад үнэ нь ч үнэмлэхүй өслөө.

Вагю нь Японы махны үүлдрийн үхрийн нэр, мөн махных нь ч нэр. Мартине Чэпмэн долоон жилийн тэртээ анх вагю үхэр Шотландад үржүүлж эхлэхэд уг үнэт үүлдрийг мэддэг хүн тун цөөхөн байжээ.

“Анх хэцүү байсан. Вагю гэж юу болохыг мэддэг хүн байгаагүй” хэмээн хатагтай Чэпмэн тайлбарлав. Тэрбээр Пертширийн толгод дундах 10100 га талбайд шилмэл үүлдрийн үхэр үржүүлэхээсээ өмнө фермд очиж ч үзээгүй явжээ.

Харин эдүгээ аманд хайлам зөөлхөн, гантиг судалт Вагю үхрийн махны алдар түгэж, дэлхийн шилдэг ресторануудын хоолны цэсийг чимдэг боллоо.

Хатагтай Чэпмэний 2000 шилмэл үхрийн 120 нь цэвэр үүлдрийн Вагю. Түүний эрхэлдэг Highland Wagyu ферм Их Британи дахь шилмэл үүлдэр үржүүлдэг фермүүд дотроо хамгийн томд тооцогдоно. Тус ферм Их Британи, Европын төдийгүй Хонконгийн шилдэг тогооч нарт бүтээгдэхүүнээ нийлүүлдэг.

Фермийн эзэн хатагтай Вагю үхрийн мах Шотландын Ангус үүлдрийнхээс дөрөв дахин үнэтэй ч эрэлт их байгааг онцлов. Дэлхийн нарийн хоолны хорхойтнуудын дунд эрэлттэй Вагю үхрийн махны үнэ өдөр ирэх тусам өссөөр.

Токиогийн төв дэх бөөний худалдааны захад дээд зэрэглэлийн Вагю үхрийн мах арванхоёрдугаар сарын байдлаар килограмм нь дунджаар 2919 иений (27.3 ам.доллар) үнэтэй байв.

“Экспортын хэмжээ ихэссэнээс үүдэн Вагюгийн үнэ аргагүй өсөөд байгаа. Японд борлуулалт нь удааширсан үнэтэй мах Вагю үхэр алдаршсаны ачаар экспортод гардаг боллоо” хэмээн Токиод байрладаг махны бөөний худалдааны Meat-Companion компанийн захирал Коичиро Үэмура ярьж байна.

Гадаадад эрэлт ихэссэнээс Японы үхрийн махны экспорт өнгөрсөн онд 40 гаруй хувиар өсөж 2706 тоннд хүрчээ. Экспортын зах зээлд 50 хувиас дээш Вагю үхрийн гентэй эрлийз үхрийн мах цэвэр үүлдрийнхээс илүү хэрэглэгчдэд хүртээмжтэй байгаа юм.

Японы Itoham Foods, Starzen зэрэг мах боловсруулах компани эрэлтэд нийцүүлэн Вагю үхрийн махны экспортоо өсгөхөөр төлөвлөж байна. Хонконг, АНУ, Тайвань бол Японы Вагю үхрийн махны гол худалдан авагчид.

Дэлхийн эдийн засаг сайжирч, хөгжиж буй орнуудын дундаж анги тэлсэн нь үхрийн махны хэрэглээг өсгөв.

“Вагю алдаршсан нь дэлхийн эдийн засгийн өсөлт, цикль аль аль нь үхрийн махны эрэлтэд таатай нөлөөлж буйн гэрч” хэмээн хөдөө аж ахуйн бизнест зээл олгогч Нидерландын Rabobank-ны стратегич Жастин Шеррар тайлбарлав.

Гадаадад хэрэглээ өссөн нь Японы Засгийн газраас хүнс, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлэхээр чармайж буй үетэй, мөн дээд зэрэглэлийн үхрийн мах үйлдвэрлэгч цөөрч буй үетэй давхцаж байна.

Фермерүүд өтөлж, бизнесийн залгамжлагч дутагдан, үйлдвэрлэлийн зардал нэмэгдэж буй нь Японы Вагю үйлдвэрлэлд цохилт болсныг Хөдөө аж ахуй, ой, загас агнуурын яамны Мах, өндөг хариуцсан салбарын орлогч дарга Эри Амано өгүүлэв. Японд 2017 онд үхрийн 50100 ферм байсан өнгөрсөн арван жилийнхээс 40 хувиар цөөрсөн хэрэг. Үхэр сүрэг 14 хувиар цөөрч 2.5 сая толгой болжээ.

“Бизнесээ орхигсод олширсноос үхрийн тоо толгой цөөрлөө” хэмээн өгүүлсэн хатагтай Амано нийлүүлэлт эрэлтээ гүйцэхгүй байгаагаас үнэ өсөж буйг анхааруулав.

Харин Японоос бусад улс дахь Вагю үйлдвэрлэгчдэд энэхүү үүлдрийн алдар түгсэн нь таатай нөхцөл бүрдүүллээ. “Манай Вагю үхрийн махны үйлдвэрлэл 2011 оноос хойш эрс өссөн” хэмээн Австралийн Вагю холбооны ерөнхийлөгч Питер Гилмор ярьж байна.

Үхрийн махных нь уламжлалт худалдан авагч Индонезитэй зэрэгцэн Энэтхэгээс мах импортолж буй тив улсын үхэр үржүүлэгчид экспортын боломж сайжирсан дээд зэрэглэлийн махны зах зээлийг онилж байгааг ерөнхийлөгч тайлбарлав.

Вагю үхрийн махныхаа 90 хувийг хилийн чанадад гаргадаг австраличууд Ази, Ойрх Дорнод, ялангуяа Хятадын зах зээлийг сонирхох боллоо. АНУ-д нэг хүнд ногдох үхрийн махны хэрэглээ 1970-аад оны эхэн үеэс хойш сүүлийн гурван жилд л үнэмлэхүй өссөнийг Пердью их сургуулийн Арилжааны хөдөө аж ахуйн төвийн эдийн засагч Дэвид Уидмар ярьж байв.

АНУ-ын фермерүүд 2012 оны гангаас болж сүргээ цөөрүүлсэн нь үхрийн махны үнийг өсгөсөн. Амьд малын фьючерсийн үнэ 2014 онд үнэмлэхүй өсөж паунд нь 1.7195 ам.долларт хүрсэн тул фермерүүд эргээд сүргээ олшруулсан нь үнэ буурахад хүргэв.

Вагю шиг шилмэл үүлдэр нь үйлдвэрлэгчдэд зах зээлийн тогтворгүй нөхцөлийг давах нэг арга болдог. Харьцангуй жижиг үйлдвэрлэгч Их Британи 2017 онд нийт 4692 толгой вагю тугал бүртгэсэн нь жилийн өмнөхөөс 50 хувиар, 2015 оныхоос хоёр дахин өссөн үзүүлэлт байв.

Бага зардлаар Вагю үржүүлдэг улс орнуудаас нийлүүлэлт ихэссээр байгаа ч Шотландад эрэлт их хэвээр хэмээн хатагтай Чэпмэн өгүүллээ. Үйлдвэрлэлийн зардал харьцангуй өндөр Highland Wagyu фермд үхрийг гуна болгож байж нядалдаг. Харин энгийн фермд үхрийг бяруу байхад нь буюу жилээс жил гурван сар болгоод нядалдаг. Ийм ч учраас орлого нь зарлагаа нөхөөд таардгийг хатагтай Чэпмэн тайлбарлав. Сэйко Сэкимүра Японы Мийяги мужийн Күрихара дахь фермдээ үнээ тэжээж буй нь.

Эмико Теразоно

ХАРИУ ҮЛДЭЭХ