УИХ-ын гишүүн, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжинтэй уулзаж ярилцлаа.


-АТГ-ын даргыг сая санал асуулгаар тодрууллаа. Сүүлийн үед АТГ, шүүх, хуулийн байгууллагыг чиглэсэн улс төр их явж байна. Тодорхой хугацаанд хуулийн салбарыг толгойлж явсны хувьд та үүнийг хэр зөв үзэгдэл гэж харж байгаа вэ?

-Яг одоо Туркт болж байгаа үйл явцын өрнөлийг аваад үзье л дээ. Нийгмийг хэр зэрэг их бухимдуулж, хөөсрүүлж чадсан нь улс төрийн эрх мэдэл авна. Улстөрийн эрх мэдэл авсан бол дараа нь нийгмийг айдаст автуулах замаар олон нийтийг шахаанд оруулж, эрх мэдлээ өргөтгөнө. Тэр айдас нь цорын ганц аврагчийг заана. Энэ аврагч л байхгүй бол энэ улс байхгүй юм байна гэх хуурмаг итгэлийг бүрдүүлнэ. Эрх мэдлээ бататгаж авсны дараа чамд хоёрхон зэвсэг хэрэгтэй.

-Хууль, шүүх үү?

-Өрсөлдөгчөө насан турш нь дуугуй байлгах нь шоронд хорино гэсэн үг биш. Шоронгоос гараад асуудлыг сөхөж, цагийг эргүүлж болдог. Энэ асуудлыг байхгүй болгох арга бол цаазын ял. Цаазын ялыг сэргээх төдийгүй түүнийг хэрэглэдэг хуулийн байгууллагыг атгах хэрэгтэй. Өөрөө цааз өгөөд байвал олон улсын тавцанд ил цагаан дарангуйлагч болж харагдана. Тийм учраас “би биш манай шүүх ингэж шийдсэн” гэдэг үгтэй байх хэрэгтэй. Тэгэхийн тулд цагдаа хуулийн байгууллага руугаа дайрч, өөрийн болгож авахыг хүсдэг.

-Гэхдээ цаазын ялыг сэргээх хууль эрх зүйн хувьд боломжгүй шүү дээ?

-Орчин үеийн соёлт иргэншил дотор үүнийг хийхээс өөр аргагүй байсан мэт нийгмийн уур амьсгалыг бүрдүүлэх. Үүнийг мэдээж эрүүл саруул хүмүүс шүүмжилнэ. Тэгвэл тэр хүмүүсийг бас цэвэрлэх хэрэгтэй. Нийгэм аажимдаа дуугуй болж, нөгөө хүнд зөвхөн өөрийг нь дагалдан аялдсан алга ташилт л сонсогддог болно. Ийм үйл явц бэлээхэн Туркт өрнөж байна.

-Монгол арай ч бас Турк шиг болчихгүй байх л даа. Гэхдээ 1937 оны гашуун түүхийг сануулах нь бас зөв ч байж мэдэх юм?

-Турк манай хоёр юугаараа ялгаатай юм? Манайд яг л ингэж өрнөөд байна шүү дээ. Тийм учраас 1937 он хол байна гэж бодож болохгүй. Ямар ч санах ойгүй, өмнө юу болсон билээ гэдгээ мэддэггүй, хий хоосон айдсаас улбаатай, дайснаа хайсан олны түрэлт, аюултай хөөсрөл байгаа цагт 1937 оныг буцаагаад авчрах маш амархан. Зүгээр л хажууханд байна. Тийм учраас 1937 оноос арай гайгүйхэн өнгөрч магадгүй гэж бодож болохгүй.

-Ний нуулгүй хэлэхэд ийм айдас олон хүнд байна. Гэвч, нөгөө талдаа манай хууль, шүүхийхэнд асуудал их байдаг?

-Ер нь хууль шүүхийн байгууллагыг 100 хувь өмөөрч чадахгүй. Тэнд алдаа завхрал бий. Засахыг оролдсон үйл явцыг орвонгоор нь эргүүлээд өнгөрсөн зургаан жил цөөн хэдэн хүн зөвхөн өөрсдийнхөө эрх ашигт үйлчлэх, өөрөө эрх мэдэлтэйгээ үлдэх явцуу ажил болгон хувиргасан. Тийм учраас шүүхийн байгууллагыг сайн ажиллаж байгаа, шударга байгаа гэж хэлж чадахгүй. Гэхдээ энэ нь өөрөө шүүх хуулийн байгууллагыг засахын тулд юу хийх ёстой вэ гэдэг шийдэл, арга замыг бодож олох ёстой болохоос биш тэднийг бүхлээр нь нулимж, олон нийтийг үзэн ядуулж байгаад, өөртөө таалагддаггүй хүмүүсийг хасаад, өөртөө үнэнч хүмүүсээр хольж, солих, хүссэн шийдвэрээ гаргуулах гэж мугуйдлах ажил биш. Хэрэв тэгвэл зүгээр л өөрийнхөө эзэмшилд хуулийнхныг оруулж, өрөөл бусдад харгис цагдаа болгох атгаг үйлдэл болно.

-Шүүхийн тогтолцоог өөрчлөхгүйгээр хүнийг нь солиод нэмэргүй гэсэн үг үү?

-Түүхийн үнэн гэж бий. Өнөөдөр та махны машиныг атгаж өшөө авахаар баярлаж байв ч удахгүй тэр машиныхаа ирэнд өртөж өөр нэгэнд машиндуулах цаг ирдэг. Ийм түүх ч бий. Энэ дүр зураг манайд бодитойгоор байгаа учраас бүх зүйлд сэтгэл хөөрлөөр хандахаас илүүтэйгээр нээрээ үүний цаана юу болоод байна вэ гэж жаахан ч гэсэн эргэлзэж, бодитойгоор асуудалд хандмаар байна.

-Та Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийн шоронгоос бичсэн ил захидлыг уншсан уу. Улс төрийн шийдвэрийг шүүхээр шүүгээд эхэлбэл, улс төрийн хэлмэгдүүлэлт эхэлнэ гэсэн утгатай?

-Хэрвээ одоо үнэхээр хүмүүсийн хардаад, сэжиглээд, таамаглаж байгаачлан Оюутолгойн гэрээ буруу зөв болох тухайд мөрдөн шалгах ажиллагаа явагдаж, хуулийнхныг ашигладаг улс төрийн өнөөх адгийн арга барилаараа асуудлыг шийдэх гэж оролдох юм бол бодлогын шийдвэрийг шүүхээр шийдэх гэсэн хэрэг болно.

Засгийн газрын, эсвэл УИХ-ын бодлогын шийдвэр шүүхэд хянагдаж, мөрдөн шалгах ажиллагаанд орж болохгүй. Бодлогын шийдвэрийн араас эрүүгийн хэрэг үүсгэх замаар цагдаа, прокурор, АТГ гэхчлэн хуулийн байгууллагууд явна гэдэг бодлогыг улс төр, Улсын их хурал гаргах биш мөрдөн байцаагч, хууль сахиулагчид гаргадаг болно гэсэн үг. Ингэвэл улс орныг ардчилал удирдах биш харин сонгогддоггүй, улс төрийн хариуцлага хүлээдэггүй, “харгис цагдаа” шиг хуулийг гартаа барьж зэвсэг болгосон бүлэг хүмүүс залж чиглүүлдэг болно.

-Ер нь УИХ, Засгийн газрын бодлогын шийдвэрийг цагдаа, хуулийнхан шүүх ёсгүй биз дээ. Парламент, засгийн кабинетын бодлогын шийдвэрийг шүүх шүүгээд эхэлбэл ардчилал алдагдах аюултай юу?

-1992 оны үндсэн хууль бодит байдал дээр үгүй болж байгаа нь тэр. Бид улс төрийн шийдвэр болон гэмт хэрэг гэдэг хоёр өөр ойлголтыг салгаж зааглахгүй нийгмийн хөөсрөлийг дэвэргээд байх юм бол цаашдаа бүх шийдвэр, шийдлүүд гэмт хэрэг болж хувирахад амархан болно. Улстөрийн бүх шийдэл буюу бодлогын шийдэл гэмт хэрэг болж хувирах юм бол энэ улсад цаашдаа бодлого шийдвэр гаргах хүнгүй болно. Бие даасан, тусгаар улсын шинжтэйгээр дотооддоо шийдвэр гаргах боломжтой, гадагшаа хамтрах итгэлтэй байсныг алдаа мэт харагдуулах үйл явдлууд цуврах шинжтэй.

Монгол Улс олон улсын харилцаан дээрээ хөгжлийн бодлогоор ч тэр, улс төрийн байр сууриар ч тэр ямар байх вэ гэдгээ таагүй байдлаар харуулчих шиг боллоо. Асуудлыг ухаалгаар шийдэхээс илүүтэй хийрхэл, сэтгэл хөөрлөөр шийдэх гэж оролддог, гоё ганган уриагаар асуудлаа халхавчилдаг, дутуу мэдээлэл, хуурмаг тайлбараар олон нийтийг хөөсрүүлж, ардчиллын иститутуудыг үнэ цэнэгүй болгож байгаа явдал нь нэг хүн засаглах улс төрийн дэглэмийг манайд буцаан авчрах вий гэсэн болгоомжлолыг төрүүлж байгаа.

-Ч.Сайханбилэг сайд ил захидалдаа “Намайг хорьж шалгах ямар ч шаардлага байхгүй байхад 30 хоног хориход ганц үг гадагшаа дуугараагүй. Сар гаран хугацаанд хоригдохдоо уг асуудлаар ганц удаа л байцаалт өглөө” гэсэн байна лээ. Ер нь тэднийг заавал хорьж, байцаах ёстой байсан уу?

-Тодорхой нотлох баримт олдсон ч гэсэн хүнийг заавал цагдан хорих албагүй. Гэмт хэргийнхээ шинж чанараас хамаараад, тэр хүнийхээ зан авираас хамаараад, бусдад аюултай гэмт хэрэг хийх магадлалтай юу үгүй гэдгээс хамаараад цагдан хорих эсэхээ шийддэг. Манайд бол цагдан хорих асуудалтай холбоотой ийм шийдвэр гаргахаас илүүтэйгээр, хүн бүрийг хорьж байгаад өөрөө өөрөөр нь хэргийг нотлуулж, хүлээлгэх коммунист, Вышинскийн гэгдэх арга одоо болтол яваад байгаа. 2016 онд бид Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуульд хүнийг цагдан хорьсон бол цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулахыг хориглоно гэдэг хууль гаргасан. Энэ хуулийг эцсийн хэлэлцүүлэгт батлах гэж байхад тухайн үеийн Цагдаагийн Ерөнхий газрын дарга, АТГ-ын даргын орлон гүйцэтгэгч байсан санагдаж байна, Тагнуулын дарга гэсэн гурван хүн энэ хуулийг гаргуулахгүй гэж бөөн юм болж байсан. Хэрэв хүнийг цагдан хорьчоод тэр цагдан хорих байранд гүйцэтгэх ажил явуулахгүй гэх юм бол одоо байгаа тогтолцооны зорилго алга болчхож байгаа юм. Өөрөөр хэлбэл хорьж байцаах нь мөрдөн шалгаж байгаа байгууллагад ашиггүй болно гэсэн үг. Хэрэг илрүүлэхийн тулд цагдан хорих биш гадуур байлгаж шалгах нь илүү үр дүнтэй тул мөрдөгчид хүн бүрийг хориулах гэдэг нь байхгүй болно. Ийм хуулийг бид тэр үед яаж ийж байгаад баталсан.

-Гэтэл МАН гарч ирээд болиулсан байх аа?

-Харамсалтай нь, үнэн. 2016 онд МАН гарч ирээд хамгийн түрүүнд энэ хуулийг үгүй болгож, өөрсдийнхөө хүссэн хуулийг баталсан. Одоо яг тэдний хүссэнээр энэ Вышинскийн арга хэрэгжээд явж байна. Энэ хүмүүсийг хорьж байгаа нь гэмт хэргээ дахин үйлдэхээс урьдчилан сэргийлж байгаа гэхээсээ илүүтэй зүгээр л хүнийг гэр бүл, ойр дотныхноос нь хол байлгаж, сэтгэл зүйгээр нь дарамталж байгаа асуудал. Анх хорьсон хэрэг биш гэхэд өөр хэргийн сэжүүр олдож ч магадгүй гэсэн горьдлоготойгоор, за бүүр болохгүй байлаа гэхэд хэрэг болоогүй бол чамайг яавал яах байсан шүү, чамайг хэрэг хийгээгүй байсан ч хорьж болж байгаа биз, тийм учраас бидний эсрэг олон юм ярих гэвэл ийм юм болдог юм шүү гэж ойлгуулах гэж, айдастай үлдээх гэсэн арга, үйлдэл гэж харагдаж байна.

-Тэднийг гол нь дахин гэмт хэрэг үйлдэх магадлалтай гэсэн үндэслэлээр хорьж байгаагаа прокуророос мэдээлсэн л дээ?

-Уг нь бол хуулийн энэ утга нь гэмт хэрэг үйлдэж байхдаа газар дээрээ баригдсан хүмүүст эсвэл өмнөх хийсэн хэргээс нь харахад өөр бусад хүний амь нас, эрүүл мэндэд аюул занал учруулж болохуйц гэж үзсэн бол хэрэглэдэг тийм хуулийн заалт. Одоо дэлхий нийтэд хэрэглэж байгаа үндэслэл нь ч тийм байгаа. Дахиад хэлэхэд, би шалгуулахад бэлэн гээд өөрсдөө очиж байгаа хүмүүст ийм үндэслэлээр хорих шалтаг хийж байгаа бол арга ядсан л хэрэг. Хэрвээ Оюутолгойн гэрээг хийх явц нь өөрөө зохион байгуулалттай гэмт бүлэглэл байсан юм бол тухайн үеийн парламентын 76 гишүүн, Засгийн газрын гишүүдийг бүгдийг нь татах хэрэгтэй. Тэд л зохион байгуулалттайгаар кноп дараа биз дээ? Тэр дотор өнөөгийн Ерөнхийлөгч ч байгаа, хууль зүй дотоод хэргийн сайд ч байгаа, өнөөгийн УИХ-ын дарга ч байгаа, би ч байгаа. Тийм учраас тэр 76-г шалгах хэрэгтэй гэж үзэж байгаа бол би ч гэсэн шалгуулахад бэлэн л байна.

-Ер нь Оюутолгойн гэрээг хийсэн нь зөв үү. Та хуульч хүний хувьд гэрээ хийхдээ юун дээр алдсан гэж боддог вэ?

-Монголд ардчиллаас хойш хэрэгжсэн анхны хамгийн том төсөл. Би энэ гэрээн дээр нэг том алдаа байгаа гэж боддог. Ямар алдаа байдаг вэ гэхээр тэр үеийн поп улстөрчид, цээжээ дэлдсэн эх орончдын гайгаар хувь эзэмшинэ гэж дайрсаар Оюутолгойн олборлох үйлдвэрлэлд 34 хувийг авснаас болж өрөнд орсон. Түүнээс биш энэ төслийг эхлүүлсэн нь алдаа байгаагүй. Уг нь хөрөнгө оруулагчид ямар зардлаар, ямар хугацаанд яаж ухаж авах нь тэдний л асуудал. Тэрэнд Монголын төр оролцох ямар ч шаардлагагүй. Бид харин ямар татвар авах, байгалийн баялгийнхаа хувь хишгийг яаж хүртэх, байгаль орчны хяналтаа яаж хийх, хил гааль дээрээ хэрхэн хянах гэдгээ шийдээд баялагтай холбоотой мөнгөө аваад тэр мөнгөөрөө эдийн засгаа солонгоруулаад явж байх ёстой байлаа. Эх орончдын “эд баялгаа бид ингэж л мэддэг” гэсэн солиорлоос болоод баялгийн хувь эзэмших биш баялгийг ухаж гаргаж ирэх компанид хувь эзэмшдэг болчихсон.

-Хувь эзэмшиж байгаагийн хувьд хөрөнгө оруулалтыг ч хувааж гаргах ёстой гэдгээ монголчууд бид одоо ч ойлгодоггүй. Газрын хэвлийн дор гулдмай алт байгаа юм шиг ойлгодог?

-Монголчууд бид нэгэнт тэр компанид 34 хувь эзэмших гэж байгаа бол үйл ажиллагааныхаа зардлын ч гэсэн 34 хувийг гаргах ёстой гээд өрөнд орчихсон. Монгол Улсыг зүгээр л өөрөө уул уурхай ухагч засгийн газартай болгоод хувиргачихсан. Одоо бол хэдэн төгрөгийн зардал гарсан энэ тэр гээд компанийн дотор байдаг хэрүүлд улсаараа живээд сууж байна. Тэгээд үүнээсээ болоод Оюутолгой ашигтай юм уу үгүй юм уу, ер нь бид юу хийчхэв ээ гээд ярих. Нэг үгээр бол өөрсдөө ухаж бэлдсэн нүх рүүгээ яваад орчихсон. Та санаж байгаа бол эхлээд хувь эзэмших биш зөвхөн татвараа аваад явах гэсэн хувилбар яригдаж байсан, гэвч харамсалтай нь, попчид дийлсэн. Одоо ч тэд дийлсээр байгаа.

-Улстөрчид улам попрох болсон. Гэрээг цуцла, хилээ хаа гэх нь холгүй ярьдаг улстөрч олон байна?

-Хамгийн гол нь дутуу мэдлэг. Бид хувь эзэмшинэ, бид эзэн нь байх ёстой гэдэг хоёрхон үгэн дээр хоосон алга ташиж гүйснээсээ болоод өрөнд унасан. Тэр өрийн хэрүүл хүссэн хүсээгүй Дубайн гэрээг үүсгэсэн. Гүний уурхайн ажил эхэлнэ, мөнгө хэрэгтэй, тэр олох мөнгөний 34 хувь манай асуудал. Хаанаас олох вэ гэдгийг хөндсөн гэрээ. Тиймээс Оюутолгойн гэрээ буруу болсон гэж үзэх бол тэр буруу болсон хэсэг нь 34 хувь. Нөгөө л попчдын тарьсан үр.

-Үрийг нь өөр хүмүүс тарьж, үйлийг нь өөр хүмүүс эдлээд, шоронд сууж байна гэж үү?

-Зориг гаргаад асуудлыг шийдэх гэж оролдсон оролдлого шорон, гяндандаа тулж байгаа нь таагүй өөрчлөлтийн эхлэл байх. Гадаад бодлогын хувьд зөвхөн хоёр хөршөөс гадна гуравдагч хөршийн бодлого байх ёстой.

Тусгаар тогтнолоо бид дипломат аргаас гадна эдийн засгийн зөв интеграц, олон улсын санхүү, хөрөнгө оруулалтын зөв хамтын ажиллагаагаар хангах гэж оролдсон оролдлого, гуравдагч орны хөрөнгө оруулалтыг татах тухай бодлого байсан. 1990 оны ардчиллаас хойш бидэнд олдсон цонх үе бидэнд ийм боломж олгож байсан. Энэ цонх үе дуусч байх шиг байна. Шахалт дарамт ч ихсэх төлөвтэй.

-Танаас шулуухан асуухад, Ч.Сайханбилэг, С.Баярцогт хоёртой та нэг нам. Тэд үнэхээр авлига авч, албан тушаалаа урвуулсан байж болох уу?

-Олон улсын жишгээр, ил тод хийж байгаа гэрээ хэлцэлд авлигын сүүдэртэй байсан гэдэгт би итгэхгүй байна. Хоёрдугаарт, би эдгээр хүмүүсийг бусад хүмүүст байхгүй нэг чанараар нь үнэлж байна. Ямартаа ч “би шалгуулахгүй ээ, намайг хэлмэгдүүлэх гээд байна” гэдэг зарим хүмүүстэй харьцуулахад, шалгуулахад бэлэн гээд өөрсдөө очоод, хуулийн дагуу шалга, буруутай нь тогтоогдвол хариуцлага хүлээхэд ч бэлэн гээд хууль шүүхэд хүндэтгэлтэй хандаж байна. Гол нь энэ шалгалтын үр дүнд худал үнэн тодорно, нэр төрөө сэргээнэ гээд Монголын ардчилал, хуулийн тогтолцоонд итгээд очих итгэл үнэмшил тэдэнд байна. Өмнө олон улстөрчийн хийж чадаагүй алхам шүү дээ.

-УИХ дээр Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсэг байгуулсан. Гэрээг шалгах зөв байсан уу?

-Улс төрийн өнцөг нь энэ төслийг анх хэрхэн яаж гэрээлсэн бэ, яаж урагшаа хөдөлгөв, үүний үр өгөөж эдийн засагт юу болсон бэ гэхээсээ илүүтэйгээр энэ төслийг яаж зогсоож болох вэ, эхнээс нь гэрээ хэлэлцээр дахин хийхэд одоо байгаа эрх мэдэлтнүүд яаж оролцож болох вэ, тэнд хэний эрх ашгийг хангаж оролцох вэ гэдэг тал руугаа өрнөх бололтой. Гадны хөрөнгө оруулалтыг хөөх замаар зөвхөн хоёр хөршийн хяналтан дор байх нь хэнд ашигтай юм вэ? Хаалган дээр ирсэн тэр боломжийг ашиглахгүйгээр хаах нь хэнд ашигтай юм вэ? Монгол өөрсдөө л болдоггүй, дотроо үймж самуурч байдаг гэдэг ойлголтыг гадаад ертөнцөд өгөх нь хэнд ашигтай юм? Энэ асуултыг бид зэрэгцүүлээд тавих юм бол Оюутолгойн гэрээний олон талт байдлыг олж харах л байх.

-Ярилцлага өгсөн танд баярлалаа.

Ж. НЯМСҮРЭН  

ХАРИУ ҮЛДЭЭХ