Тулай –энэ нь организмын эсийн гаднах шингэнд шээсний хүчлийн агууламж ихэссэнтэй холбоотойгоор эдэд шээсний хүчлийн талст хуримталдаг өвчин юм. Тулай нь гиперпродукци буюу пуринээр баялаг хоол хүнс хэрэглэсэнтээ холбоотой цусанд шээсний хүчил ихсэх эсвэл гипосекреци буюу бөөрний эмгэгийн улмаас шээсээр, шээсний хүчлийн ялгаралт буурсантай холбоотой үүсдэг.

Тулайн үед дараах шинжүүдээс нэг буюу хэд хэд нь илэрдэг. Үүнд: тулайн үений үрэвсэл, тофус буюу зөөлөн эд, мөгөөрс, яс, үений хөндийд уратын давс хуримтлагдах, тулайн нефропатия,  нефролитиаз болон уратын чулуу үүсэх.  Дээрхээс хамгийн элбэг тохиолддог нь тулайн үений үрэвсэл юм.  Тулай- англи хэлэнд-goat, латин хэлэнд-gutta буюу “дусал”гэж тэмдэглэсэн байдаг.

Цусны сийвэнд шээсний хүчлийн агууламж ихсэхийг гиперурикеми гэж нэрлэдэг. Цусны сийвэн дэх шээсний хүчлийн агууламж нь хүний нас болон хүйснээс хамаарна. Түүний цусан дахь агууламж эмэгтэйчүүдийн цэвэршилтийн үед, эрчүүдийн нас биенд хүрсэн үед нэмэгддэг. Иймээс тулай нь 30-аас доош насны эрчүүд, цэвэршилтийн нас хүртэлх насны эмэгтэйчүүдэд ховор тохиолддог.  Тулай нь 40-50 насны эрчүүд болон 60-с дээш насны эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолдоно. Цусны сийвэн дэх шээсний хүчлийн агууламж эрэгтэйд>7,0мг/дл, эмэгтэйд> 6,0мг/дл болохыг гиперурикеми гэнэ.Ерөнхийдөө нас ахих тутам цусан дахь шээсний хүчил ихсэж, өвчлөл өндөрсдөг. Эрчүүдэд 1000 хүн тутамд 5-28, эмэгтэйчүүдэд 1000 хүн тутамд 1-6 тохиолддог.  Тулай- 40-с дээш насны эрчүүдэд үений үрэвсэл үүсэх үндсэн шалтгаан болдог.Эрэгтэй:эмэгтэй харьцаа- 2-7:1.

Уг өвчтөнд тулайн үүсэл гиперпродукци эсвэл гипоэксрекци шалтгааны алинаас  үүссэн эсэхийг  тодорхойлохын тулд: Хоногийн шээсэнд(24 цагийн туршид шээсийг цуглуулна) креатинин болон шээсний хүчлийн түвшинг тодорхойлох зайлшгүй шаардлагатай. Ердийн хоолны дэглэмтэй байх үед хоногийн шээсэнд урат 800 мг-аас дээш ялгарч байвал энэ нь шээсний хүчлийн үүсэл өндөр байгааг илтгэнэ. Хэрвээ хоногийн шээсэнд 800 мг-аас бага байвал, энэ нь өвчтний бөөрний ялгаруулах үйл ажиллагаа алдагдсаныг илэрхийлнэ.

Бөөрөөр шээсний хүчлийн ялгаралтыг багасган гиперурикеми үүсгэдэг эмийн бэлдмэлүүд байдаг. Үүнд:

Циклоспорин,  Алкоголь, Никотины хүчил Тиазидууд,  Лазикс,  Этамбутол, Аспирин (бага тунгаар) Пиразинами.  Архийг хэтрүүлэн хэрэглэснээс сүүний хүчлийн ялгаралтыг ихэсгэж, улмаар бөөрөөр урат ялгаралтыг багасгадаг. Мөн түүнчлэн архи АТФ-г эрчимтэй задалж, уратын үүсэлтийг ихэсгэдэг. Пивонд гуанозин их хэмжээгээр агуулагддаг. Гуанозин бол пурины суурь юм.

    Тулайн үений үрэвсэл 4 үе шатаар явагдана.

  • Шинж тэмдэггүй гиперурикеми. Ямар нэгэн шинж тэмдэг илрэхгүй, цусны сийвэнд шээсний хүчил ихэссэн байна.
  • Тулайн  хурц артрит.
  • Дахилт хоорондын үе. Тулайн сэдрэл хоорондын үе
  • Архаг тофуст тулай. Уратын давс арьсан доор, үений уут, ясны мөгөөрсөн хэсэгт хуралдана.

Тулайн  хурц сэдрэлийн явцын тухайд. Анхдагч тулайн хурц үений үрэвсэл нь 85%-д моноартритаар илэрдэг. Ихэнхдээ тулайн сэдрэл гэнэт, шөнө эсвэл өглөө эрт, үе маш хурдан хавагнаж улайн, өвдөж, үе орчмын  халуун нэмэгддэг.

Заримдаа үений ойролцоо улайж  мөн хавагнасан суурин дээр целлюлит үүсдэг ба үүнийг тулайн целлюлит гэж нэрлэдэг. Ховор тохиолдолд тулайн хурц дахилт үенээс гаднах хэлбэрээр илэрдэг, жишээ нь бурситууд, ахиллын шөрмөсний үрэвсэл байдлаар явагдана. Өвчний эрт үед хурц сэдрэл  3-10 хоног үргэлжилдэг. Үрэвсэл намдсаны дараа гэмтсэн үений ойролцоох арьс гууждаг. Тулайн дахилтууд цаашид улам олширч, үргэлжлэх хугацаа нь уртсаж, олон үеийг хамрах хэлбэртэй болдог.

Тулайн үед ямар үенүүд ихэвчлэн гэмтдэг вэ? гэвэл голдуу доод мөчний үе гэмтэх ба дээд мөчний үе гэмтэх нь ховор байдаг. Анхдагч тулайн сэдрэлийн үед 50% нь хөлийн эрхий хурууны 1-р үе гэмтдэг. Хөлийн эрхий хурууны 1-р үений хурц үрэвсэл бол подагрын үед тохиолддог сонгомол шинж юм. Үүний дараагаар тавхай, шагай, өвдөг, бугуй сарвуу, тохойн үе гэмтэнэ. Тулайн үений үрэвсэл багана нурууг гэмтээх нь ховор. Урат натрийн давсны талстын уусалт биеийн халуун буурахад багасдаг. Иймээс тофусууд  биеийн халуун бага байгаа захын хэсэгт үүсдэг.

Тулайн хурц дахилт үүсэхэд нөлөөлөх хүчин зүйл нь: архи уух, пуринээр баялаг хоол хэрэглэх, биеийн хүчний ачаалал,  гэмтэл,   мэс ажилбар хийлгэх(ихэвчлэн хагалгааны дараах 3-5 хоногт дахилт өгдөг), цус алдах, бие мах бодын янз бүрийн хурц эмгэгүүд, ялангуяа халдварт өвчнүүд, зарим төрлийн эмийн бодис хэрэглэх, туяа эмчилгээ.

Тулай оношийг хэрхэн тавихдаа. Зайлшгүй үений шингэнийг шинжлэн, урат натрийн кристал илрүүлэх шаардлагатай. Туйлшруулсан микроскопоор харахад хасах, хоёрлосон гэрлийн хугаралтай, зүү хэлбэрийн давсны талст эсийн  гадна эсвэл дотор харагдана. Үрэвсэл намдах шатандаа орсон үед үений шингэнд  эсийн гаднах талст ажиглагддаг. Үений шингэнг шинжлэхэд үрэвслийн шинж илэрнэ.(лейкоцитоз 20000-100000/мм3). Ихэнх өвчтөнд цусны сийвэн дэх шээсний хүчлийн хэмжээ ихэснэ. Заримдаа хурц сэдрэлийн үед хэвийн хэмжээнд байдаг. Бактерийн артритын үед үений шингэнд уратын талст илэрч болох учраас үений шингэний суулгац хийн флорийг тодруулах шаардлагатай. Цусны ерөнхий шинжилгээнд СОЭ ихсэх, нейтрофилийн лейкоцитоз, тромбоцитоз илэрнэ.

Тулай өвчний үед  рентгенд дараах шинж тэмдгүүд гарна.  Өвчний эхний шатанд болон хурц сэдрэлийн үе нь орчмын зөөлөн эдийн хавангаар тодорхойлно. Архаг тулайн үед тофус, ясны эдийн шалбархай  ажиглагдана. Тофус нь рентгенд зөөлөн эдийн жигд бус зузаарал, заримдаа кальци хуримтлагдсан харагдана. Ясны шархлаа нь “тамгалсан” хэлбэрийн, ясны тархилаг эд гэмтсэний улмаас зах хязгаар нь хатуурч, өндөрсөж харагдах  ба заримдаа энэ өөрчлөлтийг “хулганы хазалт” шинж гэж нэрлэдэг. Үений завсрын нарийсалт өвчний хожуу шатанд  илрэх бөгөөд үе орчмын ясны сийрэгжилт илрэхгүй.  Эмчилгээ хийдэггүй өвчтөнд, анх тулайгаар өвдсөнөөс 10 жилийн дараа тофус үүснэ. Тофус янз бүрийн газар байрлах бөгөөд ихэнхдээ үений уутны эд, ясны субхондраль хэсэг, сарвуу, тавхайн үений хэсэг, тохойны сэртэнгийн уут, шууны нугалах хэсэг, ахиллын шөрмөсний хэсгүүдээр байрлах ба ховор тохиолдолд чихний мөгөөрсөнд байрладаг. Тофус нь заримдаа задран, хагардаг ба түүний доторх агууламж нь шээсний хүчлийн талстаас тогтсон, үйрмэг, цагаан зүйл байдаг.

Гиперурикемийн улмаас тулай өвчин үүссэн тохиолдолд бусад ямар өвчний талаар давхар бодох ёстой вэ? гэвэл

Тулай болон гиперурикеми нь ихэвчлэн дараах 2 эмгэгийн суурин дээр үүснэ.

  • Таргалалт
  • Архины буруу хэрэглээ

Тулай дараах өвчнүүдтэй үргэлж хавсардаг.

  • Артерийн даралт ихсэх
  • Гиперлипидеми
  • Судасны хатуурал

Иймээс тулай өвчтэй хүнд цусны ерөнхий шинжилгээ, биохими(креатинин, мочевин, кальци, элэгний фермент, шээсний хүчил) тиреотроп гормонуудын агууламж, липид, шээсний ерөнхий шинжилгээ, хоногийн шээсэнд шээсний хүчил, креатинин тодорхойлох зэрэг шинжилгээнүүдийг хийлгэн мэргэжлийн эмчийн зөвлөгөө авах хэрэгтэй.

Эмэгтэйчүүдэд тулай өвчин ямар онцлогтой вэ гэвэл Эмэгтэйчүүдэд тулай өвчин ахимаг насанд үүсдэг.(ялангуяа цэвэршилтийн дараагаар). Ихэвчлэн олон үеийг гэмтээнэ. Тулай эмэгтэй хүнд остеоартрит, артерийн даралт ихсэх, бөөрний архаг дутагдал зэрэгтэй хавсран  эсвэл шээс хөөх бэлдмэл хэрэглэсэн суурин дээр үүсдэг. Тофус нь остеоартриттай үенд үүсдэг онцлогтой.

Тулайн анхны сэдрэл ямар нэгэн эмчилгээ хийгээгүй байхад аяндаа намддаг.Үүнд тайвширч болохгүй.Эмчилгээ, хяналтгүй яваад байвал сэдрэл нь ойр ойрхон болох ба олон үеийн хамарсан үрэвсэл үүсдэг. Мөн үрэвсэл сэдрэх бүрд үений мөгөөрс,үений хүүдий, цаашилбал ясанд шархлаа  үүсэж байдаг учир эмчийн хяналтанд байх шаардлагатай.

Хурц тулайн артритын эмчилгээний аргын тухайд гэвэл. Пурин агуулсан хоол хүнснээс татгалзах хэрэгтэй. Пуриныг хамгийн ихээр агуулдаг хүнсэнд дотор мах, пиво, далайн гаралтай хүнсний бүтээгдэхүүн ордог.Иймээс цусанд шээсний хүчил их тодорхойлогдсон хүмүүс дээрх хүнсийг огт хэрэглэж болохгүй. Үенийхурц үрэвсэл сэдэрсэн үед сүү, шинэ тараг, алим, лууван, ногооны шөлөөр өдөр өдрөөр дагнаж хооллох , шингэнг өдөрт 2,5 литр хүртэл уух хэрэгтэй.

Тулайн хурц сэдрэлийн эмчилгээнд дааврын бус үрэвслийн эсрэг ба колхициныг хэрэглэхэд сайн үр дүнтэй. Дээрх бэлдмэлийг хэрэглэхэд эсрэг заалттай эсвэл үр дүн хангалтгүй тохиолдолд  үрэвслийг дарахад  зорилгоор кортикостероидыг хэрэглэнэ. Цусан дахь шээсний хүчлийг багасгах(аллопуринол, пробенецид) бэлдмэлийг тулайн хурц сэдрэлийн дараа хэрэглэх ба хэрвээ уг бэлдмэлийг хэрэглэж байгаа үед дахин сэдэрвэл үргэлжлүүлэн хэрэглэнэ.

Тофуст тулайн эмчилгээний үндсэн зорилго нь цусны сийвэн дэх шээсний хүчлийн хэмжээг бууруулах, мөн тофусаас уратыг эргэн шимэгдүүлэхэд оршино. Аллопуринолыг удаан хугацаагаар хэрэглэсний дүнд эерэг үр дүнд хүрнэ. Цусны сийвэнгийн шээсний хүчлийг 1,0мг/дл-6,8мг/дл-ийн хооронд барина. Колхицин болон дааврын бус үрэвслийн эсрэг бэлдмэлийг бага тунгаар урьдчилан сэргийлэх зорилгоор хэрэглэж болно.

Хэрвээ, шинж тэмдэггүй гиперурикемийн үед цусанд шээсний хүчлийн агууламж огцом ихэсвэл эмчилгээ хийх шаардлагатай. Жишээ нь хавдар задрах хам шинжийн үед, цусны сийвэн дэх шээсний хүчлийн хэмжээ 12мг/дл-ээс их ,хоногийн шээсэнд, шээсний хүчлийн агууламж 1100мг-аас их байх. Шээсний хүчлийн хэмжээ өндөрссөн өвчтний 50% уратны нефролитиаз үүсэх аюултай.

Сүүлийн жилүүдэд тулай өвчнөөр өвдсөн иргэдийн тоо нэмэгдэж байна. Эрт оношлуулж, эмчилгээ хийлгээгүй тохиолдолд хүндэрч хөдөлмөрийн чадвар алдах эрсдэлтэй юм.

-Өндөр настай хүн л тулайгаар өвддөг гэсэн ташаа ойлголт байдаг. Энэ эмгэг хэрхэн үүсдэг вэ?

-Хүний биеийн бодисын солилцоонд, ялангуяа түүний дотроос уургийн солилцоо алдагдсанаас цусанд шээсний хүчил ихсэж, үе болон үений ойролцоох эдэд уратын давс хуримтлагддаг. Үүнээс үүдэн үенд үрэвсэл үүсгэдэг тогтолцооны өвчнийг тулай гэдэг. Тулай өвчнийг нарийн мэдэхийн тулд пурины солилцоог мэдэх хэрэгтэй болно. Пурины солилцооны эцсийн бүтээгдэхүүн бол шээсний хүчил юм. Пурин нь хүний биед хоол хүнсээр болон нийлэгжих замаар гэсэн хоёр аргаар нөөцлөгддөг. Тулайгаар өвдсөн өвчтөний 90 хувь нь удамшлын шалтгаантай байх хандлагатай. Хэрэв их хэмжээний пурин агуулсан хоол хүнс хэрэглэвэл удаан хугацаанд уратын давс хуримтлагдсаар үе  өвдөх шалтгаан болдог. Пурин агуулсан хүнсэнд архи, пиво,айраг,өөхтэй мах, таван цул, гэдэс дотор,тослог загас зэрэг тослог хоол хамаардаг. Мөн таргалалт болон зарим эмийн бодис, хар тугалганы хордлого зэрэг нь тулай өвчин үүсэхэд нөлөөлж болдог. Сүүлийн үед агаарын бохирдолтой холбоотой хүмүүсийн цусанд хар тугалганы түвшин өндөр байгаагаас хордлогын шалтгаант өвчлөл үүсч байна. Үүнээс гадна тулай үүсэхэд зарим өвчин хамаатай. Тодруулбал, бөөрний эмгэг, бөөрний дутагдал,зүрхний өвчин,судас хатуурах, даралт ихсэлт,чихрийн шижин, бөөр шээсний замын чулуу, бамбайн өвчин, цусны өвчин,архины цочмог хордлого зэрэг өвчин тулайг үүсгэдэг. Мөн эдгээр өвчний үед хэрэглэдэг эмийн бодисууд тулайг хоёрдогчоор үүсгэх шалтгаан болдог.

-Монголчууд эрт үеэс л энэ төрлийн өвчнөөр өвддөг байсан юм билээ. Түүх шастирт тулай өвчний нэр бичигдэж үлдсэн байдаг?

-Эрт үед тулайг “хаадын өвчин” гэж нэрлэдэг байсан. Учир нь тухайн үед хаад, ноёд энэ өвчнөөр өвдөж, бөөрний дутагдалд орж, нас бардаг байсан. Энэ нь хоолны хэт тансаг хэрэглээ, өөх тос, улаан мах их хэрэглэдэг байсантай холбоотой.

-Тулайн тохиолдол хэр элбэг байдаг вэ. Эрэгтэй, эмэгтэй хүний аль нь илүүтэй өвчилдөг бэ?

-Улсынх нь хөгжлийн ялгаанаас үл хамаараад дэлхийн нийт хүн амын дунд тулайн үений үрэвслийн тохиолдол 1000 эрэгтэйд 5-50, мөн тооны эмэгтэйд 1-9 тохиолдож байна гэж үздэг. Нэг жилд л гэхэд 1000 эрэгтэй тутамд 1-3 шинэ тохиолдол байхад эмэгтэйчүүдэд 1-2 шинэ тохиолдол гардаг .Нарийвчлан үзвэл эрэгтэй, эмэгтэй хүний өвдсөн тохиолдол 7:1 байдаг. Эрэгтэй хүний тулайгаар өвчилдөг оргил нас нь 40-50 бол эмэгтэйчүүд 60 болон түүнээс дээш насандаа өвддөг. Мөн эстроген  гормоны өөрчлөлттэй холбоотой цэвэршилт эхэлсний дараа өвдөх тохиолдол элбэг байдаг. Өсвөр үе, залуу насанд тулайгаар  өвдөх тохиолдол маш ховор. Гэвч сүүлийн үед таргалалт, хоол хүнсний буруу хэрэглээтэй холбоотой 20 гаруй насны залуус тулайгаар өвчлөх хандлага ажиглагдаж байна.Мөн амбулаторийн үзлэг, оношлогооноос харахад тулай өвчний тохиолдол ихсэх хандлагатай байна.

Тулайгаар өвдсөн тохиолдолд ямар шинж тэмдэг илрэх бэ. Энэ эмгэг ямар хэлбэрээр явагддаг вэ?

-Тулай өвчин дөрвөн хэлбэрээр тохиолддог. Тодруулбал, нэгдүгээрт, шинж тэмдэггүй,  цусанд шээсний хүчил ихэсдэг, хоёрдугаарт, тулайн цочмог үений  үрэвсэлтэй хэлбэр, гуравдугаарт, завсарлагатай тулай, дөрөвдүгээрт тофустай архаг тулай гэсэн дөрвөн хэлбэрээр явагддаг.

Шинж тэмдэггүй, цусанд шээсний хүчил ихсэх хэлбэрийн үед үеэр өвдөх шинж илрэхгүй,зөвхөн цусанд шээсний хүчил ихэссэн байдаг. Зарим хүнд цусанд шээсний хүчил ихсээд насан туршдаа явж болно. Шээсний хүчил ихсэх тусам тулайгаар өвдөх эрсдэл нэмэгдэнэ гэсэн үг.

Тулайн цочмог үений  үрэвслийн  хэлбэр нь маш хүчтэй үений үрэвслээр эхэлдэг. Эхэндээ нэг үений үрэвсэл байснаа олон удаа сэдрэх тусам олон үе хамарч, өвдөлтийн хүч нэмэгдэж хүндэрдэг. Энэ үед эмчилгээгээ сайн хийлгэсэн тохиолдолд үений үрэвслийн хам шинж ул мөргүй эдгэх боломжтой. Мөн тулайн цочмог үрэвсэл нь бүрэн эдгэлгүй архаг руу хэлбэр рүү шилжих тохиолдол бий. Өвчин эдгэх, хүндрэх нь хувь хүний дэглэмтэй салшгүй холбоотой. Тулайн цочмог үрэвслийн үед ихэнхдээ хөлийн эрхий хуруунд  эхэлж  үрэвсдэг. Энэ шинж ер нь цочмог тулайн сонгомол шинж болдог. Цочмог тулай ихэнхдээ доод мөчийг хамардаг. Маш хүчтэй өвдөлт нь шөнийн цагаар болон үүрээр эхэлдэг. Энэ үед хөнжил шүргэх төдийд ч өвдөлт мэдрэгддэг.

Харин завсарлагатай тулай нь цочмог үений үрэвслийг эмчлээгүй тохиолдолд болон намжмал байдалтай тулай дахин сэдрэхэд үүсдэг. Сэдрэлт ойртох тусам өвчин хүндэрч олон үе гэмтэж, үений өвдөлтийн хүч нэмэгддэг.

Мөн анхны цочмог үрэвслээс хойш эмчлэгдээгүй тохиолдолд дунджаар 11  жилийн дараа тофустай архаг тулай үүсдэг. Уратын давс үе болон үений ойролцоох эдэд хуримтлагдахыг тофус гэж нэрлэдэг. Энэ хэлбэр нь шууд бөөрний хүндрэлд хүрч, бөөрний дутагдалд ордог. Нэг жилд олон удаа тулайн дайрлага болох, шээсний хүчил цусанд тогтмол өндөр байх, олон үеээ гэмтээх зэрэг нь тофустай тулай үүсэхэд нөлөөлөх гол хүчин зүйл болдог. Мөн тофус үүсэхэд үений хөшингө илүүтэй ажиглагддаг.

Эмэгтэйчүүдэд тулай үүсэх гол шалтгаан юу вэ?

-Ахимаг настай эмэгтэйчүүдэд тулай үүсдэг шалтгааныг дээр дурдсан. Эмэгтэйчүүд энэ өвчнөөр өвдсөн тохиолдолд ихэвчлэн олон үе хамрах хандлагатай байдаг. Яс үений үрэвслийн суурин дээр тофустай тулай үүсдэг тал бий. Мөн бөөрний архаг дутагдал болон шээс хөөх бэлдмэл хэрэглэсэн суурин дээр үүсч болно.

Тулай дахихад ямар хүчин зүйл нөлөөлдөг вэ. Өвчнөө тоохгүй явах, эмчилгээ хийлгэлгүй удаж, хүндрүүлснээр ямар эрсдэл бий болох вэ?

-Тулай бүрэн эдгэхэд дэглэм маш чухал. Тухайлбал, хоолны дэглэм сайн барих байх, архи пиво хэрэглэхгүй байх, үеээ дааруулахаас сэргийлэх, үрэвсэлтэй үеээ амрааж, байнга ачаалал өгөхгүй байх ёстой. Мөн үеэ  гэмтээх, эмийн замбараагүй хэрэглээнээс татгалзаж, эмчийн хяналтанд зөв эмчилгээ хийлгээгүй тохиолдолд тулай дахих гол хүчин зүйл болдог. Дээрх дэглэмийг сахиж чадаагүйгээс тулай өвчин хүндэрч олон үеийг хамрах, бөөр давсагт чулуу үүсгэх, бөөрний дутагдалд хүргэх улмаар суугаа болох, хөдөлмөрийн чадвар алдах магадлал тун өндөр.

Түүнчлэн эмч, эрүүл мэндийн салбарын ажилтнууд, гэр бүлийнхэн нь ревматологийн өвчин туссан өвчтөнг маш сайн хянах хэрэгтэй. Ийм төрлийн өвчтөний өвчнийг хүндрүүлэхгүй байх, намжмал байдалд удаан байлгах, сэдрэх хугацааг уртасгах, сэдрээхгүй байх, хөдөлмөрийн чадвараа алдахаас сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байдаг.

-Эрүүл хүн тулайгаар өвдөхөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Хамгийн түрүүнд таргалалтаас сэргийлж биеийн зохистой жингээ барих, буруу хооллолт, амьдралын буруу хэв маягаа өөрчлөхөд анхаарах хэрэгтэй. Мөн пуринээр баялаг хүнс болон таван цул, өөхтэй мах, ялангуяа улаан махнаас  татгалзах, уураг дангаар нь хэрэглэхгүй байх, архинаас татгалзах, эмчийн заавар зөвлөгөөгүй ургамлын гаралтай бүтээгдэхүүн, элдэв эм хэрэглэхгүй байх, шингэн хангалттай хэмжээгээр ууж, бодисын солилцоогоо хэвийн  байлгахад анхаарах ёстой. Тулай өвчтэй гэж оношлогдсон хүмүүс тусгайлсан хоолны дэглэмийн нарийн зааварыг мөрдөх хэрэгтэй. Үүнээс гадна тулай өвчин хүндэрч,  олон үе хамарсан, үений хөшингө үүссэн үед ялгаж оношлоход төвөгтэй болдог. Тиймээс мэргэжлийн эмчид хандаж зөв оношлуулах, эрт үед нь хяналтанд орсноор иргэд өвчнөө хүндрүүлэхгүй эдгээх боломжтой.

-Үзлэг, оношлогоогоор тулай өвчнөөр өвдсөнөө мэдсэн үед ямар эмчилгээ хийлгэдэг вэ.

-Эмчилгээний ерөнхий зарчим гэж бий. Тулайн цочмог үрэвслийг цаг алдалгүй эмчлэх хэрэгтэй. Үүнд, колхицин эмийг өвчин эхэлснээс хойш богино хугацаанд ууж эмчилгээг эхлүүлэх, сэдрэлт хүндрэлээс сэргийлэх, өвчтөнд өвчнөөс сэргийлэх мэдлэг өгөх, үений үрэвслийг сэдрээх хүчин зүйлийг арилгах, цочмог үрэвслийн сэдрэлтээс сэргийлэхийн тулд өвчтөн биедээ байнга үрэвслийн эсрэг дааврын бус бэлдмэл авч явах, эмийн гаж нөлөөний талаарх мэдлэгийг эмч өвчтөнд ойлгуулах, өвчтөн хоолны дэглэмийг ягштал баримтлах зэрэг эмчилгээний зарчим бий. Тухайн өвчтөний эмчилгээг зөвхөн эмч л нарийн тохируулдаг учир дээрх шинж тэмдэг илэрвэл яаралтай ревматологийн эмчид хандах хэрэгтэй.

Тулай өвчний үед хэрэглэж болохгүй 7 хүнсний бүтээгдэхүүн

Тулай өвчний үеийн хоол хүнс Хүний бие дэх пурины солилцоо өөрчлөгдөх үед тулай өвчин бий болж байгаа нь тэр. Бие дэх шээсний хүчил маш их болно. Энэ процесс нь үе мөчний ойролцоох зөөлөн эдүүдэд хүчил хуримтлагдах нөхцөл болох ба хамгийн гол аюул нь зөвхөн үе мөч төдийгүй бусад дотор эрхтэн, тэр дундаа бөөрөнд хуримтлагдах явдал юм.

Дотор эрхтэнд нөлөөлөх нөлөөнөөс хамгаалахын тулд зарим нэг дүрмийг ягштал баримтлах ёстой. Хоол хүнснээсээ шээсний хүчил бий болгоход нөлөөлдөг зүйлийг хасна. Ингээд ямар ямар хүнс хэрэглэж болохгүй вэ?

1. Махан бүтээгдэхүүн Тулай өвчтэй хүн хоолны маш нарийн дэглэм баримтална. Ингээд хоол хүнснээс хамгийн түрүүнд хасах ёстой зүйл бол махан бүтээгдэхүүн юм. Ялангуяа туслах бүтээгдэхүүнүүд бөгөөд зүрх, элэг, бөөр зэрэг болно. Мөн гахай, галууны махыг огт хэрэглэж болохгүй. Хүн болгоны дуртай шарсан шажигнасан тахиан мах нь бас л шээсний хүчил ихээр агуулдаг бол тахианы цээж мах энэ тал дээр хамгийн аюул багатай хүнс юм. Ямар ч мах идэхгүй байж болохгүй учир тахианы ясгүй цул, цээж мах идэж болно. Гэхдээ маш бага хэмжээгээр шүү.

2. Загас Тулай өвчний үед идэж болохгүй нилээд олон төрлийн загас бий: сардин, хулд загас, май загас, шпрот гэх мэт. Гэхээ огт загас идэхгүй байж болохгүй ба загасны маханд хүний биед хэрэгтэй олон чухал зүйл байдаг билээ.

3. Ногоо Тулай өвчний үед ногоог хязгааргүй хэрэглэж болох боловч байцаа зэрэг ганц нэг ногоог хэрэглэж болохгүй. Мөн хүрэн манжин, буйцаа, тунхууг идэх хүнсний жагсаалтаасаа хасаарай.

4. Шош Аливаа шош хэлбэрт хүнс нь ихээхэн хэмжээний пурин агуулдаг учир хэрэглээгээ хамгийн бага байлгах хэрэгтэй. Хэдийгээр шош, тэр дундаа вандуй нь уургаар баялаг боловч нэг таваг вандуйн шөл нь өвчнийг эрс нэмэгдүүлж, биеийн байдлыг дордуулдаг байна.

5. Мөөг Судалгаагаар хамгийн их пурин агуулдаг зүйл нь цагаан мөөг гэдгийг тогтоожээ. Тулай өвчтэй хүн мөөг идэхийг бүрмөсөн хориглоно. Мөөгөнд байх пурины хэмжээ жингийн 12,8%-ийг эзэлдэг байна. Цагаан мөөгний төрлүүд шинэ үедээ 5,5%-ийн пурин агуулдаг гэнэ. Мөөгний шөл, сүмс зэрэг хүнс хэрэглэх нь өвчнийг хүндрүүлнэ.

6. Халуун ногоо Халуун ногоо бол зарим нэг хүний амьдралын нэгэн хэсэг болсон байдаг билээ. Гэхдээ тулай өвчний үед халуун ногоо хэрэглэхийг хатуу хориглодог гэдгийг мэдэх хэрэгтэй. Хэдийгээр халуун ногоонд анагаах чадалтай олон бодис байдаг ч эдгээр нь тулай өвчний үед анагаах биш харин эсрэг үйлчилгээтэй байх болно.

7. Согтууруулах ундаа Тулай өвчний үед хамгийн их хорьдог зүйл нь согтууруулах ундаа юм. Ямар нэг зааг хязгааргүй бүх л согтууруулах ундаа орно. Улаан дарсаар тулай өвчнийг эдгээдэг гэдэг яриа байдаг боловч энэ бол худлаа зүйл юм шүү. Бүх л төрлийн спиртийн ундаа нь тулай өвчтэй хүнд хориотой. Дарс нь бие дэх шээсний хүчлийг ихэсгэж маш их өвчтэй, шаналгаатай болгодог байна.

Т.Болд

ХАРИУ ҮЛДЭЭХ