Гэйт (gate) гэдэг нь аливаа сүлжээ, зангилаа, программын түлхүүр гэсэн ухагдахуун юм. Интернетэд нэг хэлнээс нөгөөд хөрвүүлэх альгоритм ч юмуу, тухайлбал төмөр замд, салаа замууд руу вагон найруулан шидэх ажиллагааг хянах самбар гэх мэтийг гэйт гэдэг,  Харин улс төр, нийгэм зүйн утгаар бол төрийн өндөр тушаалтны холбогдсон будлиантай хэргийг ингэж томъёолдог болсон байна. Монголчууд ийм юмыг “будлиан” гэж хэлдэг, “Эрдэнэтийн будлиан”.

Тухайн хэрэгт олон нийт хир их ач холбогдол өгч байна, хир өндөр түвшингийн эрх мэдэлтэн холбогдсон гэдгээр тархах далайц нь шалтгаалж байна. Тухайлбал, дэлхийд дуулиан болон тархсан хэргүүд гэхэд, АНУ-ын ерөнхийлөгч Рейгантай холбогдсон дуулиант хэрэг “Ирангэйт”, Клинтонтой холбогдсон дуулиан “Моникагэйт,” 2000 онд, сэтгүүлч Георги Гангадзег хөнөөсөн Украины ерөнхийлөгч Кучматай холбогдсон хэрэг “Кучмагэйт”, вольсвагены дуулиант хэрэг “Дизельгэйт” гэх зэргээр түүхэнд нэршин үлджээ. Moнголд ид дуулиан тарьж байгаа Эрдэнэтээс мөнгө угаасан байж магадгүй болчихоод байгаа Элбэгдорж, Сайханбилэг нарын нэр холбогдсон хэрэг ЭРДЭНЭТГЭЙТ гэж түүхэнд нэршиж үлдэх нь гарцаагүй боллоо. Гадаадын хэвлэл мэдээллийнхэн сонирхоод эхэлчихсэн байна.

Төрийн томчууд холбогдсон хэргийг онцгой дуулиан болгон тараах мэдээллийн хэлбэр нь Уотергэйтийн хэргээс эхлэлтэй гэж үздэг. Манайд ЭРДЭНЭТГЭЙД гэж нэрлэж болох дуулиант хэрэгийн өмнөхөн Уотергэйтийн хэрэгтэй төстэй нэгэн үйл явдал болоод өнгөрсөн.

Америкийн түүхэнд ерөнхийлөгч огцорсон цорын ганц тохиолдол бий, энэ нь 1974 оны 8 дугаар сарын 9-нд Ричард Никсон огцорсон явдал юм. Манайд М.Энхболд огцорсон нь түүхэнд УИХ-ын спикер огцорсон анхны тохиолдол байв.Р.Никсоны огцорсон шалтгаан нэг бичлэгээс  болсон байдаг. Яг л 60 тэрбумын бичлэг шиг, гэхдээ Энхболд бичлэгээ алдсан, Никсон бичлэг олсон, ялгаа нь ердөө энэ. Вашингтонд Уотергэйт (Watergate) гэх тансаг зэрэглэлийн зочид буудлын зангилаа төв бий. Бүгд Найрамдах намаас Ричард Никсоныг АНУ-ын ерөнхийлөгчөөр сонгогдсонooс  4 сарын дараа буюу 1972 оны 6 сарын 17-ны өдөр, сонгуулийн өрсөлдөгч Макговернын сууж байсан Уотергэйт буудлын өрөөнд нэвтэрсэн 5 этгээд баригдсан байдаг. Тэдгээр хүмүүс Макговерны оффис өрөөнд чагнах аппарат суурилуулж бичлэг хийсэн хэрэгээр баривчлагджээ.

Гэтэл удаа дараагийн бичлэгийн хальс Никсоноос олдсон байдаг. Никсон өөрийгөө энэ хэрэгт ямар ч холбогдолгүй гэж мэдэгдсэн. Яг л М.Энхболд шиг. Никсон, бичлэг эвлүүлэг биш гэдгийг нотлосон прокурорыг ажлаас халах шийдвэрийг Улсын ерөнхий прокурорт өгсөн боловч тэрээр шийдвэрийг хэрэгжүүлэхээс татгалзсан. Манайд яг эсрэгээр бичлэг эвлүүлэг гэж нотлосон прокурор албан тушаал дэвшсэн байдаг. Ийнхүү маргаан 2 жил шахам үргэлжилсэн. Никсон өөрийгээ бичлэгтэй ямарч холбогдолгүй хэмээн мэдэгдсээр байв, бас л яг М.Энхболд шиг. Эцэст нь конгрессын Дээд танхим, ерөнхийлөгчид итгэж байгаа эсэх асуудлаар вотум зарласан. Манайд яг тийм юм болж, 40 гишүүн, спикэрт үл итгэж буйгаа зарлаж  гарын үсэг зурсан. Дээд танхим дээр Никсон, хамаг бурууг төрийн нарийн бичгийн дарга нарын газарт тохсон, яг л М.Энхболд Засгийн газар огцрох хүсэлтийг өөрөө санаачлаад, өөрөө гарын үсгээ зураад өөртөө өргөөд барьчихдаг шиг. Шүүхийн дээд Зөвлөл хуралдаж, Засгийн газрыг тараах эрх ерөнхийлөгчид байхгүй гэсэн шийдвэр гаргасан. Манайд бол асуудал ҮАБЗ-д хүрсэн. Конгрессын зарим гишүүн уг бичлэгийг “уугисан дарь”  гэж нэрлэж байв, тийм л чухал бичлэг байжээ. Гэхдээ бичлэгийн агуулга чухал биш тагнан чагнасан гэдэг нь л гол байв. Дараа нь БН нам, өөрийхөө нэр дэвшүүлсэн ерөнхийлөгчийн эсрэг нэгдэж санал хураан, 1974 оны 8 сарын 9-нд Ричард Никсин ерөнхийлөгчийн албан тушаалаас огцорсон байдаг. Яг л МАН, Энхболдын эсрэг нэгддэг шиг. Дэд ерөнхийлөгч байсан Дж.Форд ерөнхийлөгчийн тангараг өргөж,  хэлсэн үгэндээ “удаан үргэлжилсэн улс төрийн хэрүүл там үүгээр дуусгавар боллоо” гээд Никсоныг импеачмент хийлгүйгээр өршөөсөн байдаг. Ерөнхийлөгчийн сонгуульд 1976 онд ялагдсаныхаа дараа Форд, “Никсоныг өршөөсөн миний алдаа намайг сонгуульд ялагдал хүлээх шалтгаан болно гэж даанч төсөөлөөгүй” гэж харуусан хэлсэн байдаг. Яг үүн шиг, МАН, М.Энхболдыг хуулийн байгууллагад хүлээлгэн өгч хариуцлагын түвшинг тогтоолгох (импеачмент) ажиллагаа хийхгүй бол 2020 оны сонгуульд ялагдал хүлээх магадлал маш өндөр. Улс төрийн хулгайчийг өршөөх л юм бол өөрийгөө алж байна гэсэн үг болох нь тодорхой. Энэ явдлаас үүдэн, дуулиан шуугиан дэлхийд, Уотергэйтын хэрэг гэдгээр тархаж, нийгэм зүйн сурах бичиг, гарын авлагуудад Уотергэйтын хэрэг гэдгээр нэршин үлдсэн нь ийм учиртай юм.

Улс орнуудын өндөр албан тушаалтнүүд хэрэгт холбогдох тохиолдол бүрт гэйт гэгчийг дагуулж нэршүүлдэг нь ийм учиртай. Эрдэнэтийн дуулиант хэрэгийг биечлэн шалгаж, хамаг учрыг тайлах гэж оролдож байгаа Монгол улсын Засгийн газрын ХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ, Эрдэнэтийн хэргийн талаар “туйлийн тодорхой мөнгө угаалгын хэрэг мөн” гэсэн урьдчилсан тайлбарыг өгөөд байна.

Гэтэл Монгол улсын ерөнхий прокурор, Эрдэнэтэд гарсан авлигын хэрэг гэсэн томьёоллоор ярьж байгаа. Авлигын хэрэг нь сайндаа хэдэн жилийн ял авах эрүүгийн гэмт хэрэг, харин мөнгө угаалга нь олон улсын байгууллага (FATF) -ын хатуу хяналтанд орчихсон, эх орноосоо урвасан гэдгээр зүйлчлэгдэх,  орон дамнасан ноцтой хүнд гэмт хэрэг юм, ялгаа нь тов тодорхой байгаа.

Мөнгө угаах гэмт хэрэг нь бидний энгийн ухамсрын түвшинд бодож байгаа ойлголтоос хавьгүй төвөгтэй, орон дамнасан мафи сүлжээ, дэлхийн бохир мөнгөний уурхайгаас асар их хөрөнгө буулгаж байгаа аймшгийн хүнд гэмт хэрэг юм. Мөнгө угаах нь эх орноосоо урвасан үйлдэл мөн.

Монгол улсын прокурорын байгууллага, Эрдэнэтийн хэргийг авлигын гэмт хэрэг гэж зүйлчлэхээр оролдож байгаа нь УЕП-ын удаа дараагийн мэдэгдлээс ойлгомжтой боллоо. Эрдэнэтийн 51%, 49% гэж нэг цогц санхүүгийн обьектыг хуваан сөргүүлэн тавиад байсан нь урьдаас бодож боловсруулсан маш нарийн механизм байсан нь тодорхой болсоор байна.

Эрдэнэтийн хамаг булхай дэлгэгдлээ, түүнд төрийн өндөр асан албан тушаалтнууд оролцсон байсныг илрүүллээ, асар том авлига явагджээ гээд ард түмэн ойлгоод, тэгж ойлгуулаад байгаа нь процессыг далдлах маш ноцтой суртал нэвтрүүлэг хийгдэж, тархи угаалга амжилттай явагдсаны нотолгоо юм.

Иймд, авлига, мөнгө угаалгын хооронд ухагдахууны ямар том зөрүү байдгийг мэдэх нь маш чухал юм!  “Эрдэнэтийн авлигын гэмт хэрэг гэж улиг болтол давтаж байгаа нь мөнгө угаалгыг нуун далдлах тархи угаалга юм” гэж би сошиалын нүүр номондоо  санамсаргүй бичээгүй, дэлгэрэнгүй тайлбар хийнэ гэж амласнаа энд хавчууллаа.

Авлига нь торгуулах, сайндаа хэдэн жил суух эрүүгийн хэрэгт хамааруулж болох гэмт үйлдэл, харин мөнгө угаалга нь эх орноосоо урвасан гэж зүйлчлэгдэх хуулийн дээд хэмжээ шаардсан аймшигтай хүнд гэмт хэрэг мөн. Авлигачдыг хулгайч гэж бай, харин мөнгө угаагчдыг бол эх орноосоо урвагчид хэмээн цоллож бай гэмээр санагдана.

Мөнгө угаалгын аймшигтай гэмт хэргийн утга агуулгыг гүнзгий ойлгохын өмнө эхлээд “бохир мөнгө” гэгчийн тухай мэдээд авах ёстой юм. Америкт, бохирдсон мөнгийг угааж цэвэрлэн тушааж ашиг олдог байсан, бүр хими цэвэрлэгээ шиг угаалгын машинтай жижиг фирмүүд хүртэл нээгдэж байсан түүх байдаг юм билээ. Гэхдээ, одоогийн мөнгө угаалга гэдэг ухагдахуун тэндээс гараагүй, эх үүсвэр нь нуугдмал мөнгө (бохир мөнгө)-ийг гүйлгээнд оруулах санхүүгийн хуйвалдаан бий болох үед гарч ирсэн нэр томьёо юм. Хулгай дээрэм, хүчирхийлэл, хар тамхи, алан хядлага, зохион байгуулалттай гэмт хэргүүд хүйтэн дайнтай зэрэгцэн гал авалцаж ид дүрэлзэж, аливаа улс орон бие даан тэмцэх аргагүйд хүрснээр Америк улс санаачлан, мөнгө угаалгын гэмт хэргийг эрүүгийн хуулиндаа суулган эрх зүйн орчинтой болохыг улс орнуудад уриалсан байдаг. Мөнгө угаалгын хэргийг эрүүгийн хуулиндаа анх оруулсан AНУ, Их Британи, Франц, Герман, Швейцари, Польш гэх 6 орон дэлхийн банк, санхүүгийн түүхэнд G6 хэмээн нэршиж үлджээ. НҮБын санаачилгаар 1988 онд дэлхийн 106 орны тэргүүн Австрийн Вена хотод цуглан конгресс зохион байгуулж, 34 зүйл анги бүхий Тунхаг гаргасан байна. 1989 онд Париж хотод Саммит болж дэлхийн мөнгө угаахтай хийх тэмцлийн конвейнци FATF ( ) гэгчийг зохион байгуулж  улс орнууд нэгдэцгээсэн. Тэнд Монгол улс байсангүй. Тус конвейнцид нэгдээгүй орнуудын “хар жагсаалт” гэгчийг гаргаж. мөнгө угаах гэмт хэргийг хүлээн зөвшөөрсөн орон гэж үзэж өндөр торгууль оногдуулж байх журам тогтоосон. OХУ 2000 онд уг жагсаалтанд орсон боловч 2001 онд Нийт Оросын банк, санхүүгийн Нэгдсэн мониторинг гэх байгууллагыг нээн зарлаж, мөнгө угаалгатай хатуу тэмцэл явуулах Үндэсний программ гарган хэрэгжүүлж явсаар 2012 онд ФАТФ-д нэгджээ.

Монгол улсад 2017 онд хар жагсаалтын том торгууль орж ирснээр Засгийн Газар түргэн авч нилээд юм болж байж уг конвейнцид нэгдэж орох санкци авсан байгаа, ФАТФ хүлээн авах эсэх нь одоо болтол эргэлзээтэй.

Цагийн юманд ач холбогдол өгөхгүй зарчимгүй хандах нь араасаа том үр хөврөл, хохирол чирдэгийг ойлгосон ганц нэг нь байгаа л байх, зориудаар юм шиг ойлгоогүй яваа нь тэрнээс олон гэдгийг Эрдэнэтийн будлианаас харахад ойлгомжтой л байгаа юм. Дэлхийн санхүүгийн G6 (ОХУ нэгдсэнээр G7) орнуудын эрүүгийн хуулиндаа нэмэлтээр тусгасан мөнгө угаах гэмт хэрэгийн зүйл ангиудыг сонирхож үзлээ. Улс орнууд нийтдээ бохир мөнгөний эх үүсвэрүүдийг тов тодорхой заасан байдаг юм байна.  Хар тамхи, татвараас зайлсхийсэн бүх орлого, эх үүсвэр нь далд, ойлгомжгүй, санхүүгийн хяналтын гадуур, тайлан мэдүүлэгт тусгаагүй буюу багасгаж тусгасан хөрөнгө зэрэг нь “хар эх үүсвэр” буюу “бохир мөнгө” гэж тооцогддог юм байна. Дэлхий дахинаараа мөнгө угаалгатай хатуу тэмцээд, үр дүн гараад ирэхээр, мөнгө угаагчид аргаа нарийсгаж, чемодан, чемоданаар доллар зөөж явдгаа больж, банк санхүүгийн систем рүү нэвтэрч хулгайгаа албажуулах болсон байна. Энийг хар мөнгөний ил гарах сувгууд гэж нэрлэдэг болжээ. Энэ нь, банк, даатгалын систем, хөрөнгө оруулалт, хуурамч гарын үсэг, баримт, гэрээний үйлдэл, хөрөнгө обьектын хувьчлал зэрэг юм. Оффшоор данс бол хамгийн том нуувч, дэлхийн бүх мөнгөний гурав хуваасны нэг нь тэнд байна.

Орчин үед, ФАТФ-ын хамгийн их анхаарал татаж байгаа бүс, обьект бол хуучин соц.системын орнууд мөн. Асар их хөрөнгө нийгмийн гэх эзэнгүй субьектээс хувьд шилжсэнтэй холбоотой байх. Чөтгөр мөнгө хулгайлахыг заахаас хаана нуухыг заадаггүй гэдэг нь үнэн ажээ.

Мөнгө угаах боломжтой талбар гэж байдаг, АНУ-д гэхэд тэр нь 400-500  млрд долларын хүрээнд эргэлдэж байна. Монголынх 20 млрд хавьцаа гэсэн баримжаа байгаа. Соц. байсан орнуудых асар их. Балтикийн эрэг хавийн  3 орны (Эстон, Латви, Литва) ерөнхийлөгч асан нарын бүлэглэлийн угаасан мөнгөний хар нүхэнд 200 млрд доллар хуримтлагдсан нь илэрч Данскогэйтын (Dansko bank) дуулиант хэрэг дэгдсэн байдаг аж. Ийм их мөнгөтэй хувь хүн байлаа гэхэд, ухаандаа Аппле фирмийг худалдаж аваад, Их Британы бүх гадаад өрийг төлөөд, дэлхийн зуны нэг олимп, хөл бөмбөгийн дэлхийн аварга нэгийг ивээн тэтгээд цаана нь дэлхийн зартай баян хэвээр үлдэж болох жишээтэй л юм. Гэхдээ энэ нь соц байсан орнуудын угаасан мөнгөний дөнгөн данган 5% гэж байгаа, тэгэхээр ямар аймшгийн их мөнгөний тухай яриа болох нь ойлгогдож байна. Эндээс харахад, эх орноосоо урвагч хэмээн үзэж, эрүүгийн хуулиндаа өөрчлөлт оруулахыг тулган шаардах нь зүй ёсны юм. Мөнгө угаагчийг эх орноосоо урвагч гэж үзэхийг Лондоны Саммитаас зөвлөмж болгосон байдаг.

Мөнгө угаах гэмт хэрэг нь мөнгө байршуулалт, зузаатгал, интеграци буюу ашгаа (профит) хувааж авах гэсэн 3 үе шатыг дамжина. Профит гэдэг нь двидентын ашиг биш, миний байнга ярьдаг “надад юу оногдох вэ?” гэдэг хөгийн, хогийн зарчим юм. Яг энэ шатанд маргаан үүсч биесээ хөнөөх нь энүүхэнд, мафийн сүлжээ шүүдээ, тэдний интеграци өвөрмөц онцлоготой.  Улс төржүүлж болдоггүй, учир начрыг нь тунгаалгүй шуугиан дэгдээж бас болдоггүй маш төвөгтэй гэмт хэрэг бол мөнгө угаалга. Монголын мөнгө угаалга, гадаад дотоод гэсэн  хоёр хүрээнд явагдаж байна. Тухайлбал, Оюутолгойн мөнгө угаалга хилийн чанадад явагддаг, Оюутолгойн орлогоос хувь хүртэнэ гэсэн үг. Орлого нь хилийн гадуур эргэлдэж байдаг, мониторинг хийх боломжгүй, Монгол банкинд оруулж ирэхээр манай Засгийн газар хөөцөлддөг ч ОУВС тээг болдог, бүх юм хулгайн механизмаар хэрэгждэг.  Дотоод гэдэг нь Эрдэнэт, уул уурхайн 400 орд, дээр нь бас сангууд байна.

ЖДҮ-ийн сан гэхэд л УИХ-ын гишүүдийн авсан зээл гэх авлигын гэмт хэрэг байхад, түүний ард санг зохион байгуулалттай босгож, интеграци хийн мөнгө хуваарилсан  мөнгө угаах онц ноцтой хүнд гэмт хэрэг оршиж байх жишээтэй л байгаа юм.

Цэрэг дайны ойлголттой хольж хутгах хэрэггүй. Эх орноосоо урвагчид гэдэг нь орчин цагийн үзэл баримтлалаар, улс орны ҮАБ-д эргэж нөхөгдөшгүй хохирол учруулсан новшнууд (мерзавец)-ыг хэлнэ. Манай хойд хөрш ингэж тодорхойлсон байна.

Ер нь бол манай 2 хөрш эх орноос урвасан гэмт хэрэгтэй маш сайн тэмцэж байгаа. ШХАБ-ын хүрээнд мөнгө угаалгатай тэмцэх ФАТФ-ын салбар конвейнци байгуулах асуудал яригддаг, манай улс санаачлагчаар орох саналаа өгөөд Зөвлөлийн захирлуудын газрыг Улаанбаатард оффистой байхаар санал гаргавал маш том шат ахилт болно гэж боддог. Монгол улс, ФАТФ-ын хар жагсаалтын торгуулийн хэмжээг хөнгөлөх талын нөхцөл хөөцөлдөж олж авсан болохоос торгууль хүлээх нөхцлийг арилгаж чадаагий яваа, энийг ард түмнээс нуух ямар ч үндэслэл байхгүй. Дараагийн том торгууль орж ирлээ гэхэд Монгол улсын ядруу эдийн засаг даахгүй, тэгэхээр зохион байгуулалтын арга хэмжээг яаралтай авах л ёстой.

Эх орноосоо урвагчдыг урд хөрш хаа байгаа газраас нь тэмтэрч олж ирээд цаазалчихдаг, харин хойд хөрш маань хаа байгаа газарт нь хүрч очоод нухчихдаг юм.

Эх орноосоо урвагчид гэдгийг улс орнууд янз бүрээр тодорхойлж байна. Англид (high treason) эзэн хааны зарлигыг зөрчсөн, АНУ-д Үндсэн хууль зөрчсөн эсвэл хувьдаа буруугаар урвуулан ашигласан бол эх орноосоо урвасан гэж үзнэ. АНУ-ын хуулинд,  эх орноосоо урвасан этгээдүүдийн бүх эрхийг түүний дотор өмчлөх эрх, тэр ч байтугай амьд явах эрхийг нь онцгой нөхцөл хэмээн үзэж хасахаар заасан байдаг юм байна. OХУ-д авлигын хэрэгийг мөнгө угаасан хэргээс өөр хуулийн заалтаар зүйлчлэн шийтгэдэг. А.Хорошовинг 2015 онд “ОХУ-ын Ерөнхийлөгчийн итгэл алдсан” хэмээн буруутгаж баривчлан, авлигын хэргийг нотлон 2018 онд 18 жилээр таслаж, 500 сая рублийн торгууль ноогдуулсан байна. Гэрээс нь 800 төрлийн үнэт эдлэл, түүний дотор 1 үзэг гэхэд л 36 сая рублийн үнэтэй гэх мэт эд зүйлс, 1 млрд рубль бэлнээр хадгалаж байсныг хураан авч улсын орлого болгосон байдаг юм.

Одоо эх орноосоо урвагчдын ганц нэг жишээ хэлье! Эх орноос урвагч С.Скрипаль. Ойр дотнын бүх ах дүү нарын хамт алагдсан. “Бид өршөөсөн, шорон гяндангаас сулласан, гэтэл тэр эх орноо худалдсаар байсан, энийг юу гэж ойлгох вэ? Тэр бол эх орноос урвагч” гэж В.Путин хэлсэн байдаг. Литвиненко. Березовскийн хөлсний байранд тарчилж үхсэн. “КГБ алсан уу, гүй юу гэдэг нь чухал биш, нотлогдохгүй, харин нэг ч гэсэн урвагч далд орсон нь нэн чухал юм” гэж Оросын тагнуулын албаны оффицер хэлсэн байдаг. Онц ноцтой гэмт хэрэг хариуцсан, хошууч генерал А.Н.Севастьяновын “хар жагсаалт” хэмээх бичиг баримт алдагдсан байдаг юм. “Хар жагсаалтанд 15 этгээдийн нэр л байгаа, ихэнхи нь алагдсан, тийм их чухал сонирхолтой байгаа бол…” гээд Путины зарлигаар ил болгосон байдаг. Ил болсон жагсаалтад 150 этгээдийн нэр багтжээ.Оросын мэдээллийн эх сурвалж: http://www.agentura.ru/dassier/russia/traitors/

Дүгнэлт: Үнэхээр мөнгө угаалга байсан уу?, эсвэл авлигын хэрэг байсан уу? Ерөөсөө хэрэг байгаагүй, зүгээр л дэлхийн санхүүгийн нэгэн төрөл механизм хэрэглэсэн, гэхдээ тэрийгээ хулгайн сэдэл оруулаад хэрэглэчихсэн юм уу? Энэ бүхний үнэнийг цаг хугацааны өрнөл харуулна биз ээ. Тэр болтол хардацгаах эрхээ хэн ч эдлэнэ. Тов тодорхой юм гэвэл байгалийн баялаг бол нийт ард түмний өмч, түүнийг хэн нэгэн захиран зарцуулахаар шийдсэн бол эрх бүхий УИХ-тай заавал зөвшилцөх ёстой нь л үнэн.

Социологич, памфлет нийтлэлч  И.Цэрэнхүү

 

ХАРИУ ҮЛДЭЭХ