Италийн хамгийн олон үзэгчтэй Канале-5 сувгийн “Ту Си Күэ” буюу “Чи үнэ цэнэтэй” нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, 1 багц хөзрийг 12.74 секундэд цээжлэн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Их Мастер Б.Шижир-Эрдэнэ маань даалгавраа амжилттай гүйцэтгэн дараагийн шатанд шалгарлаа.

Ингээд “100,000 Евро”-ийн төлөө нэг алхам ойртлоо.

Их Мастер Б.Шижир-Эрдэнэ

🇲🇳 УУХАЙ! 🇲🇳Италийн хамгийн олон үзэгчтэй Канале-5 сувгийн "Ту Си Күэ" буюу "Чи үнэ цэнэтэй" нэвтрүүлэгт Монголын Оюун Ухааны Академийн тамирчин, 1 багц хөзрийг 12.74 секундэд цээжлэн дэлхийн дээд амжилтыг эзэмшигч, Их Мастер Б.Шижир-Эрдэнэ маань даалгавраа амжилттай гүйцэтгэн дараагийн шатанд шалгарлаа.Ингээд "100,000 Евро"-ийн төлөө нэг алхам ойртлоо.

Geplaatst door МОНГОЛЫН ОЮУН УХААНЫ АКАДЕМИ op Dinsdag 29 oktober 2019

-Юун түрүүнд оюуны олимпод амжилттай оролцон дэлхийн дээд амжилтыг шинэчилсэнд баяр хүргэе. Б.Шижир-Эрдэнийн хувьд энэ удаагийн олимпод оюуны спортын хэдэн төрөлд оролцов. Өрсөлдөгчид хэр хүчтэй байв?

-Баярлалаа. Би оюуны олимпод цагийн марафон, хурдны хөзөр, 30 min binary, spoken numbers(дуут цифр), flash numbers зэрэг ой тогтоолтын спортын таван төрлөөр оролцлоо. Энэ тэмцээн бидний хувьд тун хэцүү байсан. Учир нь, ой тогтоолтын ихэнх тэмцээнд дунд, ахлах гэсэн насны зааг байдаггүй тул насанд хүрэгчидтэй, тэр дундаа насанд хүрэгчдийн дэлхийн аваргуудтай өрсөлдсөн. Гэхдээ бид үнэхээр мундаг байж дэлхий нийтийг гайхашруулж чадлаа. Олон арван жил энэ спортоор хичээллэсэн, хашир туршлагатай тамирчдыг 2-3 жил хичээлийнхээ хажуугаар суралцсан монгол хүүхдүүд ялж байгааг хараад монгол хүний оюуны чадамжийн гайхамшгийг мэдэрч зогссон. Үнэнийг хэлэхэд, тэмцээн болох үед өөртөө бага зэрэг итгэл муутай байв. Учир нь, хүндэлж, амжилтыг нь биширч явдаг аваргуудтайгаа өрсөлдөнө гэж бодохоос л сандраад байсан. Би бэлтгэл дээрээ дээд тал нь 4600 цифр тогтоодог. Гэтэл тэмцээн дээр хувийн дээд амжилтаа эвдэж 4770 цифр тогтоосон. Энэ үед үнэхээр их баярласан шүү. Тэмцээний үед би нэг хөглөөд. Дуут цифр төрөлд хоёр оролдлого хийх боломжтой байсан юм. Сүүлийн оролдлого дээр би чихэвчээ зүүгээд цифр дуудахыг хүлээгээд л байлаа. Анхааруулах 60 секунд явлаа дууддаггүй шүү. Гэнэт компьютерийнхээ дууг хааснаа санаад маш их сандарсан, бас харамссан.

-16-хан настай мөртлөө “их мастер” цолтой. Дэлхийн хамгийн залуу их мастер маань хэзээнээс энэ спортоор хичээллэж эхэлсэн бэ?

-2014 оны арванхоёрдугаар сард яг юунд явж байгаагаа мэдэлгүй “Монголын оюун ухааны академи”-д очиж байлаа. Тэр үед Б.Баасандорж багш дээр очиж байсан юм. Хамгийн анхны хичээл дээр багш хүний тархи, тархины чадвар, бололцоонуудын тухай ярихад надад маш сонирхолтой санагдсан. Дараагийн хичээл олон улсад өрсөлддөг Монголын шилдэг тамирчдын талаар ярихад тэднээр бахархах сэтгэл төрж “би ч бас тэдэн шиг болж болно” гэж өөртөө хэлж байлаа. Академийн шинэ хичээл, шинэ арга техник, шинэ орчин гээд бүх зүйл нь таалагдсан. Ганц л хэцүү зүйл байлаа. Тэр нь надад дэвшил, амжилт гэдэг зүйл тун бага, бараг мэдэгдэхгүй шахам байсан юм. Заримдаа бүтэн сар тасралтгүй бэлтгэл хийсэн ч ямар ч өөрчлөлт ажиглагддаггүй байсан. Гэхдээ л би тасралтгүй бэлтгэлээ хийсэн. Миний хувьд өнгөрсөн жил 15 насандаа ой тогтоолтын дэлхийн аваргад амжилттай оролцож дэлхийн хамгийн залуу их мастер болсон. Тэр үед, нэг цагт 10 багц хөзөр тогтоох, 1000 цифр тогтоох, багц хөзрийг хоёр минутын дотор цээжлэх, нийлбэр дүн 5000-гаас дээш байх гэсэн их мастерын дөрвөн болзол биелүүлсэн. Гэхдээ өнгөрсөн жилийн дэлхийн аварга маш өрсөлдөөнтэй болж билээ. Дээрх дөрвөн болзлыг хангасан ч олон улсын хэмжээнд тавхан хүн л их мастер болсон.

-Энэ удаагийн оюуны олимп их мастер Б.Шижир-Эрдэний оролцож буй олон улсын тодотголтой хэд дэх удаагийн тэмцээн байв. Бусад орны тамирчид манайхыг хэрхэн хүлээн авч байна вэ?

-Дөрвөн жилд ганцхан удаа болдог энэ жилийн оюуны олимп нь миний оролцож буй олон улсын зургаа дахь тэмцээн байлаа. Бусад орны тамирчид биднээс их эмээдэг, бас хүндэлдэг. Яагаад гэвэл, тухайн тэмцээний медалийн талаас илүү хувийг монголчууд авчихдаг. Тэгэхээр гадаадын тамирчид биднийг тэдэнтэй ижил арга техникээр юмыг цээжилдэг, тогтоодог гэдэгт итгэдэггүй.

-Гэр бүлийнхэн нь хэрхэн хүлээн авч байна вэ?

-Манай гэрийнхэн намайг их дэмждэг. Байнга л миний бэлтгэлд анхаарч, аль болох олон цаг бэлтгэл хийх боломжоор хангаж өгдөг. Би ээж, эмээ хоёртойгоо амьдардаг. Тэд маань энэ спортын тамирчид биш ч юмыг цээжлэх, тогтоох аргачлалаа мэддэг. Намайг төрүүлж, өсгөсөн ээж, эмээ хоёртоо, мөн дасгалжуулагч Б.Баасандорж, Х.Хатанбаатар багш нартаа маш их баярлаж явдаг.

-Оюуны спортоор хичээл­лэхийн давуу тал олон бий. Хурдан уншлага нь энэ спортын нэг төрөл. Одоо минутад хэдэн үг уншиж чадах вэ. Оюуны спортоор хичээллэхэд, амжилт гаргахад юу чухал вэ?

-Миний хувьд хурдан уншлагаар хичээллэдэггүй. Бусад 10 төрлөөр нь хичээллэж байгаа. Тэгэхээр энгийн хүнтэй ижил хурдаар ушина. Учир нь, өөрийн тархийг яаж ажиллаж, мэдээллийг хэрхэн тогтоож байгааг ойлгох нь ой тогтоолтын тамирчдын хувьд чухал байдаг юм. Би ой тогтоолтын төрлүүдээс хоёртын тоолол, түүхэн үйл явдал, дуут цифр зэрэгт илүү дуртай. Энэ спортоор хичээллэснээр надад олон давуу тал бий болсон. Сөрөг зүйл нэг ч илрээгүй. Жишээ нь, гадаад үг, нот, уншсан эх, ном зэргээ цээжлэхэд илүү хялбар болсон. Өө, бас үзэг, цаасанд хэмнэлттэй болсон юм байна шүү. Хичээлээ бүгдийг нь тэмдэглэдэггүй. Оюундаа зураглачихдаг.

Энэ спортод дуртай л байх юм бол амжилтад хүрэх нь тодорхой. Уг спортод дуртай байна гэдэг нь бэлтгэл хийхээ ял гэж бодохгүй байх. Харин ч бэлтгэлээ хийхгүй бол нэг л зүйл дутагдаад байгаа юм шиг санагдахыг хэлж байгаа юм. Хэрэв та кино үзэх, ном зохиол унших, бичих дуртай бол ой тогтоолтын аргачлал танд таалагдах магадлал өндөр. Яагаад гэвэл, би зүгээр л тоо, цифр гөлөрч суудаггүй. Цээжилж байгаа мэдээллээ сонин содон, хачирхалтай, хошин байдал руу хөрвүүлж төсөөлдөг юм. Энэ нь тухайн хүнд залхуутай санагдахгүй. Харин ч хөгжилтэй, сайхан байдаг.

-Хүн бүр чам шиг ийм мундаг болох боломжтой юу. “Оюун ухааны академи”-ийн сургалтад суусан хүн бүр чамтай адилхан чадвартай болохгүй байгаагийн шалтгаан нь юу вэ?

-Хүссэн хүн бүр ийм болох боломжтой гэдгийг итгэлтэй хэлье. “Оюун ухааны академи” юм цээжлэх бүх арга техникийг заагаад зогсохгүй бэлтгэл хийхэд нь, олсон мэдлэгээ практикт ашиглахад тодорхой хугацаанд тусалдаг. Үүнээс цааш өөрөө л энэ спортод дурлаж бэлтгэлээ хийх хэрэгтэй. Дундаас нь хаяад явчихвал амжилтад хүрэхгүй. Бас хэдэн сар бэлтгэл хийхгүй байхад л өмнө нь хүрсэн амжилт талаар болдог. “Дургүйд хүчгүй” гэдэг шиг хэчнээн оюуны чадамж өндөртэй байсан ч өөрөө хичээхгүй л бол ахихгүй, амжилтад хүрэхгүй.

-Б.Шижир-Эрдэнийн хувьд бэлтгэлдээ өдөрт хэдэн цаг зарцуулдаг вэ?

-Тэмцээн болох өдөр дөхсөн үед ерөнхийдөө 30-120 минут бэлтгэл хийдэг. Энгийн үед бол 30 минут л бэлтгэл хийдэг. Хамгийн гол нь бэлтгэлээ таслахгүй байх хэрэгтэй.

-Таны хувьд Америкт сурдаг. Гэтэл багш нар нь Монголд байдаг. Багшгүйгэр тэмцээний бэлтгэлээ хэрхэн базаасан бэ?

-Одоо би ахлах сургуулийн төгсөх анги. Энэ жилээс л энд сурч байна. Тиймээс багийнхантайгаа цуг бэлтгэл хийж чадаагүй. Ганцаараа гэртээ бэлтгэлээ базаасан. Ерөнхийдөө энд ирэхдээ тэмцээний бэлтгэл хийх зүг чигээ мэддэг болсон байсан. Бас дасгалжуулагч багштайгаа сошиалаар холбогдож, зөвлөгөө авч байлаа. Сонирхуулахад, эндхийн хүмүүс оюуны спортын талаар огт мэддэггүй. Би өөрийнхөөө тухай ярихаар гайхаад байдаг. Юм цээжилж үзүүлэхээс нааш надад ерөөсөө итгэдэггүй юм.

-Их мастерын зорилгыг сонирхвол?

-Миний хувьд хүссэн сургуульдаа ороод Монголын топ программ хангамжийн инженер болохын төлөө хичээнэ. Одоо надад зав чөлөө гарахгүй байгаа болохоор коллежийн элсэлтдээ л бэлдэж байгаа. Ямар ч үед “Apple”-д ажилладаг Б.Хасан ах, “facebooк”-д ажилладаг Э.Хонгор ах нарыг бодохоор урам зориг орж, илүү их хичээх хэрэгтэй шүү гэж өөртөө хэлдэг.

Р.Ренчиндулам

ХАРИУ ҮЛДЭЭХ