ОХУ-д энэ сарын 1-нээс “хараат бус интернетийн тухай хууль” хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр тус улсын эрх баригчид хүссэн үедээ ард иргэдээ дэлхий нийтийн интернет сүлжээнээс тусгаарлах, цахим мэдээллийн урсгалыг засгийн газраас шууд хянах боломжтой болж байгаа юм. Үүнийг олон улсын хүний эрхийн байгууллагууд болон “Хил хязгааргүй сэтгүүлчид” байгууллагын зүгээс хүний үг хэлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөөг хязгаарлах гэсэн “маш аюултай алхам” хэмээн эсэргүүцэж байна.

Харин Оросын эрх баригчдын зүгээс өөрсдийн гэсэн бие даасан интернетийн шугамтай болсноор гаднын янз бүрийн кибер халдлагаас хамгаалах, олон улсад интернетийн доголдол үүссэн тохиолдолд эрсдэлд бэлэн байх зэргээр тайлбарлаж байгаа юм.

ХАРААТ БУС ИНТЕРНЕТИЙН ХУУЛЬ ХЭРХЭН АЖИЛЛАХ ВЭ?

Шинэ хуулийн дагуу Оросын бүх интернет үйлчилгээний компаниуд засгийн газраас олгосон тусгай төхөөрөмжийг гадаад гарц дээрээ байрлуулах ёстой ба энэ нь ОХУ-ын засгийн газар өөрийн интернэт урсгалыг бүрэн удирдах чадвартай болж байна гэсэн үг юм. Ингэснээр Засгийн газар тодорхой нэг вэб рүү хандаж байгаа урсгалын эх үүсгүүрийг олж хязгаарлах, шаардлагатай тохиолдолд Оросын дотоод интернэтийг гадаад ертөнцөөс бүрэн салгах, тодорхой нэг улсаас интернэт урсгалаа бүрэн хаах гэх бүрэн боломжтой болж байна. Гаднаас ямар нэгэн кибер халдлага орж ирлээ гэж бодоход олон улсын интернет сүлжээнээс салгаж “Рунет” буюу ОХУ-ын өөрийн дотоод сүлжээгээр харилцах юм.

Хуулийн хэрэгжилтийг тус улсын харилцаа холбооны “Роскомнадзор” агентлаг хянах аж. Энэхүү байгууллагын үүрэг нь ерөнхийдөө замын цагдаатай төстэй. Интернетийн урсгалыг бодит цаг хугацаанд нь дүн шинжилгээ хийж, хэрэггүй гэж үзсэн мэдээллийг хаах, гадаад дотоодын аливаа цахим халдлагыг олж илрүүлэн таслан зогсоох, мэдээллийн урсгалыг чиглүүлэх үүрэгтэй юм.

Олон шинжээч, иргэний нийгмийн идэвхтнүүд уг хуулийн жинхэнэ зорилго нь улс төрийн үзэл бодлын зөрүүг арилгах, ард иргэдийн үг хэлэх эрх чөлөөг хязгаарлах гэж харж байгаагаа илэрхийлж байна. Зарим ажиглагчид ОХУ-ын эрх баригчдыг “Хятад маягийн интернетийн хяналт”-ийг бий болгох гэж байна хэмээн болгоомжилж байгаа юм.

Хууль албан ёсоор хүчин төгөлдөр болсон хугацаа нь арваннэгдүгээр сарын 1. Гэхдээ энэ хууль аль долдугаар сараас хэрэгжээд эхэлсэн гэж зарим хүмүүс үзэж байна. Өнгөрсөн зун буюу долдугаар сарын 27-ноос наймдугаар сарын 3-ны өдрүүдэд Москвад сонгуулийн үр дүнг эсэргүүцсэн олон мянган иргэдийн жагсаал цуглаан болсон. Энэ үеэр жагсагчид болон сэтгүүчид гар утаснаасаа интернетэд холбогдоход хүндрэлтэй байсан гэв. “Интернетийг хамгаалах нийгэмлэг”-ийн захирал Михаил Климариев наймдугаар сарын 3-ны өдөр Москвагийн төв хэсэгт “интернет тасалдсан”гэж мэдэгдсэн бөгөөд харилцаа холбооны “Вымпелком” –ыг албаар жагсаал цуглааны эрчийг сулруулахыг тулд ийм алхам хийсэн гэж буруутгажээ.

Нөгөөтэйгүүр энэ хуулийг хэрэгжүүлэхэд зардал өндөртэйн дээр интернетийн хурдыг сааруулна гэж мэргэжилтнүүд үзэж байна. Цахим эрх чөлөөний төлөөх “Роскомсвобода” байгууллагын тэргүүн Александр Исавнин “ОХУ-д нийт 8000 гаруй интернетийн үйлчилгээ үзүүлэгч буюу сервер бүртгэгдсэн байдаг. Үүнээс 5000 орчим нь байнгын ажиллагаатай байдаг. Энэ бүхнийг нэг хяналтад оруулна гэдэг интернетийн хурд саарна гэсэн үг. Дээр нь асар их зардалтай ажил болно. Сири шиг гарын таван хуруунд багтах тоо биш шүү дээ. Мэдээж энэ зардлыг ард түмний татварын мөнгөнөөс гаргана. Тэгэхээр ард иргэдийн хувьд энэ бол зүгээр ч нэг цензур биш. Бүр өөрсдөө мөнгийг нь төлдөг цензуртэй болж байна гэсэн үг юм” хэмээн хэлсэн байна.

Засгийн газрын тооцоогоор энэ хуулийн эцсийн өртөгийг 20 тэрбумаас 30 тэрбум рубль (313 сая доллараас 470 сая доллар) гэж тооцоолж байгаа аж.

                            ОХУ  ХЯТАД ШИГ ХАТУУ ЧАНГА ИНТЕРНЕТИЙН                             ХЯНАЛТТАЙ БОЛОХ ГЭЖ БАЙНА УУ?

2010 оны зургадугаар сар, тухайн үеийн ОХУ-ын Ерөнхийлөгч Дмитрий Медведев Твиттерийн Силикон Хөндий дэх төвд зочилсон юм. Тэрбээр Силикон хөндийд зочилсон ОХУ-н анхны Ерөнхийлөгч болов.  Энэ үеэр өөрийн албан ёсны твиттер хаягаа нээж, дараа нь “Google”, “Cisco Systems”, “Apple”  зэрэг компаниудаар зочилсон байна.  Айлчлалын сүүлийн өдөр “Apple”-ийн iPad барьсан Медведев “Орос орон илүү нээлттэй улс орон болохыг хичээж байна” гэж Стэнфордын их сургуульд хэлсэн үгэндээ онцлон тэмдэглэсэн юм. Энэхүү айлчлал нь Орос улсыг үнэхээр дэлхийн  нээлттэй мэдээлэл технологийн нийгэмлэгт элсэх хүсэл эрмэлзлийг илэрхийлж байна уу гэлтэй байв.

2009 онд Орос улс эрх чөлөөний индексээр 49-т жагсч байлаа. Дараа нь Медведев албанаасаа бууж, Путин Ерөнхийлөгч болох үед энэ үнэлгээ 52 болж доошлов. Үүнээс хойш жил бүр тасралтгүй доошилсоор Орос улс эрх чөлөөт байдлаараа 2018 онд дэлхийн 100 улсаас 67-р байранд жагсчээ.

Өнгөрсөн жилүүдэд Оросын засгийн газар интернет эрх чөлөөг хязгаарлахад чиглэсэн тодорхой бодлогуудыг хэрэгжүүлсээр иржээ. 2017 онд Москва виртуал хувийн сүлжээ буюу VPN ашиглахыг хязгаарлав. Мөн тэр жилдээ гадаадын санхүүжилт авч буй хэвлэл мэдээллийн хэрэгслийг “гадаадын төлөөлөгч” гэж тодорхойлох бодлогыг нэвтрүүлсэн. Дараа жил нь сошиал медиа хэрэглэгчдийг өөрийн хаягаа заавал утасныхаа дугаартай холбохыг шаардаж, онлайн орчинд нэрээ нууцлахыг хориглосон хууль батлагдсан байна.

Үүний зэрэгцээ, засгийн газраас “хэт туйлширсан” эсвэл “доромжилсон” утгатай гэж үзсэн онлайн постуудыг устгах, эздийг нь шүүхэд өгөх , цахим орчинд Орос улс, төрийн түшээд , нийгэм, төрийн бэлгэдлийг “үл хүндэтгэсэн”  үйлдэл гаргавал торгуулийн арга хэмжээ авах хуулийг баталсан юм.

Гэхдээ ихэнх мэргэжилтнүүд ОХУ, Хятад шиг бие даасан интернетийн хяналтыг бий болгож чадахгүй гэж үзэж байна. Нэгдүгээрт, Хятад улс бие даасан цахим орчинг бүрдүүлэх хангалттай том зах зээлтэй. Хоёрдугаарт, Хятад улс интернетийн хяналтыг бүр анхнаас нь суурийг нь тавьж ирсэн. Харин ОХУ-ын хувьд цахим орчин дэлхий нийтийн адил олон жилийн турш нээлттэй байсаар ирсэн учир гэнэт бүх зүйлийг хязгаарлан, хааж чадахгүй гэж үзжээ. Харин ОХУ-ын эрх баригчдын одоогийн хийж буй үйлдэл нь тус улсын цахим орчинг Иран улсынхтай адил болгоно гэв.

Иранд “Телеграм”, “Твиттер”, “VPN” ашиглахыг хориглосон байдаг ч ард иргэдийн дунд одоог хүртэл ашиглагдсаар байдаг аж. Нөгөөтэйгүүр засгийн газраас уг хуулийг бүрэн утгаар нь хэрэгжүүлэхэд хамгийн том саад учруулах асуудал бол авлига гэж үзэж байна. Зарим мэргэжилтнүүд улс орон даяар бүх интернетийг тасалдаггүй л юм бол авлига байгаа цагт энэ хууль бүрэн утгаараа хэрэгжих боломжгүй гэжээ.

ЭХ СУРВАЛЖ: WWW.RFERL.ORG

ХАРИУ ҮЛДЭЭХ