Хятадын эрх баригч Коммунист намын дээд удирдлагын дөрөвдүгээр их хурал өнгөрөгч долоо хоногийн турш хаалттай хуралдлаа. Эх сурвалжуудын мэдээлснээр хаалттай хаалганы цаана БНХАУ-ын эрх баригчид АНУ-тай хийж буй худалдааны дайн, Хонконгийн бослого, өндөр технологи ашиглан бүс нутагт хууль бус мөнгө угаах үйл ажиллагаа явуулдаг кибер бүлэглэлүүдийн асуудлаар санал солилцсон аж. Мөн энэ үеэр БНХАУ-ын дарга Ши Жиньпин Хятадын эдийн засгийн саармагжилт, худалдааны дайн болон Хонконгийн асуудлаас үүдэлтэй санхүүгийн хүндрэл зэргээс шалтгаалж намын элит төвшний удирдагчдын зүгээс хүчтэй шүүмжлэлд өртсөн талаар дурджээ.

Энэхүү дөрөвдүгээр их хурлаас өмнө БНХАУ-ын Коммунист намын Улс төрийн товчооны байнгын долоон гишүүний орон тоог ес болгон өргөжүүлнэ гэх цуурхал гараад байв. Харин өнгөрөгч долоо хоногт болж өнгөрсөн хурлын дараа Чунцин мужийн намын хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Чен Минерийн нэр Ши Жиньпиний орыг залгах Коммунист намын дараагийн тэргүүнээр хүчтэй яригдаж эхэлжээ. Ши Жиньпиний засаглал чухам яагаад Коммунист намын элитүүдийн дунд хүчтэй талцал үүсгэх болсон нь өмнөх эрх мэдлийн хуваарилалтын үед намын удирдлагын төвшинд үүссэн үл ойлголцолтой холбоотой гэжээ. Харин намын уур амьсгалын хувьд Ши Жиньпиний хэрэгжүүлж буй дараах бодлого, үйл ажиллагаа нь асуудал дагуулж, удирдлагын төвшинд эргэлзээ төрүүлж байгааг ажиглагчид тодотгожээ.

1. Күнзийн институцийн тэргүүн Европоос хөөгдсөн асуудал

Бельгийн Брюсселийн их сургуулийн Күнзийн институцийн тэргүүн Сонг Шиннинг  өнгөрөгч долоо хоногт тагнуул хийсэн хэргээр Европын холбоо болон Шенгений орнуудад зорчих эрхээ найман жилээр хасуулсан явдал нь Бээжингээс шууд удирддаг Хятадын соёлын төвийн дүр төрхөд хүчтэй цохилт үзүүлээд байна. Бельгийн “De Morgan” сонинд бичсэнээр Сонг Шиннинг нь тус улсад 10 жилийн турш амьдрахдаа сар бүр Хятадын Засгийн газраас 200.000 еврогийн цалин авч байсан бөгөөд энэ хугацаанд оршин суух визийн хугацаа нь дууссан аж. Харин түүнийг эх орондоо буцаад ирэх үед нь Бельгийн эрх баригчид үндэсний аюулгүй байдалд заналхийлэл учруулахуйц тагнуулын мэдээлэл олж авдаг байж болзошгүй гэх үндэслэлээр виз олгохоос татгалзсан юм. Энэ бүхэн нь өмнө нь ч асуудал дагуулсаар ирсэн Ши Жиньпиний удирдлага дахь улстөрчдийн хэт өндөр цалингийн асуудалд гал дээр тос нэмсэн хэрэг болжээ.

2. Уламжлалт анагаах ухааныг дэмжих хандлага

Хятадын тэргүүн Ши Жиньпин уламжлалт анагаах ухааныг дэмжиж, сурталчилдаг нэгэн билээ. Тэгвэл энэ долоо хоногоос эхлэн Хятадын эрүүл мэндийн төвүүдэд уламжлалт анагаах ухааны тасгууд албан ёсоор өвчтөнд үйлчилж эхэлнэ. Энэ нь Хятадын эрх баригчдын хувьд шинжлэх ухааны үндэслэлгүй, өвчтөн эдгээхэд үр дүн муутай, хуучин анагаах ухаанд эрүүл мэндийн төсвөөс хэдэн арван тэрбум юань зарлагдаж байна гэх шүүмжлэлийг дагуулах болсон.

3. Эдийн засгийн хүртээмжтэй байдал

Ши Жиньпиний засаглал доор хэрэгжсэн нэг том ажил бол Хятад улсад иргэний харьяаллын стандартыг шинэчилж, сурагчдыг бага ангиас нь эхлэн сайн иргэн болгож хүмүүжүүлэхэд түлхүү анхаарах болсон юм. Үүний ачаар өндөр хэрэглээтэй дундаж давхарга ихээр бий болсны ачаар Хятадууд анх удаа дэлхийн баячуудын жагсаалтад багтсан иргэдийнхээ тоогоор АНУ-г давж гарч байв. Гэвч эдийн засгийн өсөлтөөс бий болсон энэ бүх баялгийн дийлэнх хувь нь нийгмийн цөөн хэсэгт очиж, нийт ард түмэнд оногдох хувь нь харьцангуй байгаад шүүмжлэлтэй ханддаг хэсэг бий.

4. Ши Жиньпиний дэмжсэн технологи мөнгө угаах гэмт хэргийн үндсэн суурь болсон

Хятадын хөрөнгийн зах зээлийн ирээдүйг тодорхойлохдоо  Ши Жиньпин  “блокчейн”  технологийн хөгжлийг хамгийн чухалд тооцож байв. Тус улсын эрх баригчид технологийн тусламжтай улс орны ирээдүйн хөгжлийг тодорхойлох чиглэлд нэлээд нухацтай ханддаг. Өөрсдөө ч энэ талын өргөн мэдлэгтэй байдаг. Хятадын дарга Ши Жиньпин хэдэн жилийн өмнөөс блокчейн технологийг дэмжсэний үр дүнд тус улсад өнөөдөр хямд хүүтэй, урт хугацаатай зээл олгодог хэдэн мянган бичил зээлийн үйлчилгээ бий болсон нь санхүүгийн зах зээлд маш том, шинэ салбар бий болох хөрс болжээ. Гэвч энэ төрлийн шинэ бизнесийн орчныг зохицуулах хууль эрх зүйн орчин, хяналт дутаж байгаагаас бүс нутаг дамнасан мөнгө угаах, луйвар, цахим гэмт хэргийн шинжтэй хууль бус явдлууд ихээр гарах болжээ. Үүний нэг жишээ нь өнгөрөгч долоо хоногт Монгол Улсад саатуулагдсан 800 орчим Хятад иргэний асуудал юм.

5. Барууны нөлөө бүхий улстөрчид болон Хятадын бизнес эрхлэгчдийн дунд үүссэн харилцаа

АНУ-ын Сенатч асан Дейвид Виттер саяхан БНХАУ-ын Шиньжан дахь эдийн засгийн хориг арга хэмжээнд орсон компанитай холбоотой ажиллаж байсан нь ил болсон юм. Түүнээс гадна АНУ-ын Сенатч асан Марко Рубио тэргүүтэй барууны нөлөө бүхий маш олон улстөрч Хятадын бизнес эрхлэгчидтэй холбоо тогтоож Европ болон Америкийн зах зээлд лобби хийж байсан асуудал ил болсон. Гэвч Ши Жиньпин уг асуудалд дорвитой алхам хийхгүй байгаад Коммунист намын нөлөө бүхий эрх мэдэлтнүүд шүүмжлэлтэй хандаж буй.

6. Худалдааны дайн

АНУ-тай өрнүүлж буй худалдааны дайныг эцэслэх эхний шатны гэрээнд талууд гарын үсэг зурахад бэлэн байгаа талаар харилцан мэдэгдээд байна. Гэвч цаашид худалдааны маргааныг бүрэн эцэслэхийн тулд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трамп 40-50 тэрбум ам.долларын үнэ бүхий хөдөө аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүнийг БНХАУ-ын тал зайлшгүй авах ёстой гэсэн шаардлагыг тавиад байгаа юм. Мөн үүний дээр Хятадын талд оюуны өмч болон технологийн салбарт зөвшилцөлд хүрэх боломжгүй хэд хэдэн асуудал тулгараад буй. Худалдааны дайнаас болж БНХАУ-ын эдийн засаг энэ онд 1,2 хувь, ирэх онд 1,4 хувиар буурна гэх тооцоог санхүүгийн шинжээчид гаргажээ. Тиймээс одоо Ши Жиньпин энэ асуудалд харилцан буулт хийх замаар асуудалд нааштай хандах хэрэгтэй талаар барууны хэвлэлүүд бичиж буй. Тэгвэл энэ бүхэнд Хятадын Коммунист намын нөлөө бүхий хүрээлэл ямар ч тохиолдолд БНХАУ-ын эрх ашгийг нэгд тавих нь зүйтэй бөгөөд ямар ч тохиолдолд буулт хийх нь их гүрний нэр хүнд, сүр хүчинд халгаатай гэсэн байр сууринаас хандаж байгаа аж. Магадгүй Коммунист намын элитүүдийн зүгээс худалдааны дайнд баримталж буй энэхүү байр суурь нь энэ асуудал гацаанд орсон, цаашид ч хүндрэх талаар ажиглагчид дурджээ.

7. Хонконгийн нөхцөл байдал

Ази тивийн санхүүгийн төв гэх Хонконгийн байр суурь нэгэнт уналтад оржээ. Энэ асуудалд нь улам бүр удаашрах болсон Хятадын эдийн засагт ахин нэг муу мэдээ болох нь гарцаагүй. Улс төрийн эсэргүүцлээс үүдсэн Хонконгийн хямрал цаашид даамжирсаар байвал асар богино хугацаанд нийт Хятадын эдийн засагт хүчтэй цохилт болох нь тодорхой талаар Хятадын дотоодын эх сурвалжууд хүртэл мэдээлжээ. Гэвч энэ бүхнээс илүүтэй Хятадын эрх барих дээд байгууллага болох Коммунист намын үйл ажиллагааг шүүмжилсэн, түүнийг эсэргүүцсэн энэ мэт жагсаал, тэмцэл нь цаашдаа үндэстний салан тусгаарлах үзлийг хөөрөгдөж болзошгүй гэх болгоомжлол тус намын нөлөө бүхий гишүүдийн дунд бий болжээ. Харин энэ бүхний эсрэг хэрэгжүүлэх арга хэмжээнд Коммунист нам Ши Жиньпинийг бүрэн дэмжин ажиллах болно гэж ажиглагчид үзсэн байна. Энэ нь нэг талдаа Ши Жиньпин Коммунист нам элитүүдийн төвшинд өөрийгөө ахин нэг нотлон харуулах боломж бол нөгөө талдаа түүний төгсгөл байж болох талаар ч судлаачид дурджээ.

Эх сурвалж: Foreign Policy, Washington Post, South China Morning Post, Reuters   

ХАРИУ ҮЛДЭЭХ