Банканд очиж оочерлож цагаа үрэх шаардлагагүй болжээ.Учир нь “Өөртөө үйлчлэх банк” буюу киоск машиныг ХААНБ-ны 21 аймгийн төв, нийслэлд ажиллуулж эхэллээ. Товчдоо данс нээх, зээл авах, хадгаламж байршуулах, төлбөр төлөх, картаа удирдах, дансны тодорхойлолт, хуулга авах гэсэн 6 үндсэн үйлчилгээг банкны салбарт очиж авахгүй түүгээр авах юм. Энэхүү машин танаас иргэний үнэмлэх л шаардана. Харин хариуд нь Та дансны тодорхойлолт, хуулга, лавлагааг дэлгэцэн дээр хараад хэрэгтэй хэсгээ хэвлээд авч болно, яг ТҮЦ машин шиг. Эсвэл хэн нэгэн рүү, өөр рүүгээ ч и-мэйл хаягаар илгээх боломжтой.

Банкны картаа мартах, олохгүй байх үе цөөнгүй. Тэр тусмаа эмэгтэйчүүд бид цүнхээ солихдоо аль нэг халаасандаа картаа үлдээчихээд өөртөө төвөг удах нь бий. Эсвэл бүр карттай хэрнээ нууц үгээ мартаж уймардаг. Тэгвэл ХААН банкны киоск машин карт “нэхэхгүй”-гээр таны хүссэн гүйлгээг хийх боломж өгдөг. Иргэний үнэмлэхээ ашиглаад л хэчнээн ч төгрөгийн ямар ч гүйлгээг киоск машин дээр хийж болно. Тэр ч бүү хэл банк хооронд хүртэл гүйлгээ хийж болно гээд бод доо. Энэ бол маш том давуу тал. Түүгээр зогсохгүй, картын захиалга, нөхөн авалт, сунгалт, карт идэвхтэй, идэвхгүй болгох, интернэт банк аппликэйшн, мобайл банк, ухаалаг мэдээ үйлчилгээнд бүртгүүлэх зэргийг ч киоск машины тусламжтайгаар амжуулчихна. Төрийн зарим үйлчилгээ, тухайлбал, тээврийн хэрэгслийн татварыг бэлэн бусаар төлөх гээд маш олон үйлчилгээг “ид шидтэй” энэ машин 24 цагийн хэдийд ч хийж гүйцэтгэнэ.

Үнэхээр учраа олохгүй, ямар нэгэн үйлдэл хийж чадахгүй, туслалцаа хэрэг болоод байвал киоск машинд суурилуулсан харилцуураар та ХААН банкны үйлчилгээний ажилтантай шууд видео дуудлагыг хийж, асуудлаа шийдэж чадна. Тухайн оператор дэлгэцэн дээр харагдах бөгөөд та хүссэн асуултаа тавьж, үйлчилгээгээ авч болно. Өөрөөр хэлбэл, ХААН банканд хаалттай цаг гэж байхгүй болсноор иргэдийн ажлыг хөнгөвчилж, цагийг хэмнэх юм. Хэрэв харилцагч банкны салбарт очвол хамгийн багадаа 5-10 минут хүлээнэ, теллерээс үйлчилгээ авах гэж дор хаяж гурван минут зарцуулна. Тэгвэл энэ 17 минутыг киоск машин 45 секунд, дансаа бодож гацаж зогслоо гэхэд үсрээд нэг минут болгож 17 ДАХИН БАГАСГАЖ, таны алтан цагийг хэмнэж буйгаараа маш том давуу талтай. Энэ хугацаанд хүн өөр бусад олон ажлыг амжуулах боломжтой билээ.

Ийнхүү Монгол Улсын хамгийн олон харилцагчдад үйлчилгээ үзүүлдэг ХААН банк цаг үеэр мэдэрсэн хөрөнгө оруулалт хийж, технологийн дэвшлийг ашиглан бүх үйлчилгээгээ 100% онлайн болгосны үр дүнд нийт харилцагчдынх нь 95 хувь зайнаас буюу дижитал банкаар бүтээгдэхүүн үйлчилгээгээ авч, зөвхөн 5 хувь нь л банкны салбар дээр ирж үйлчлүүлдэг болсон нь ямар том хувьсал болсныг илтгэж байна.

Энэтхэг, Солонгос, Сингапур зэрэг технологи өндөр хөгжсөн орнуудад сүүлийн хоёр жилийн хугацаанд хөгжиж байгаа энэхүү цоо шинэ технологи бүхий киоскийг ХААН банк 2020 онд 100 ширхгийг байрлуулж буй бол  ирэх жил нийслэл болон орон нутагт нэмж 200 ширхгийг суурилуулахаар төлөвлөжээ. үүнчлэн Элчин сайдын яамд, төрийн байгууллагуудаас шаарддаг тодорхойлолт, хуулгыг киоскоос заавал хэвлэж авах биш, тухайн газрууд руу шууд илгээх боломжийг бүрдүүлэхээр судалгаагаа үргэлжлүүлж байна.

Б.ДЭЛГЭР

ХАРИУ ҮЛДЭЭХ