spot_img
Ням, 5 сар 5, 2024
10.1 C
Ulaanbaatar
spot_img
онцлохБ.Хурцын хошууч генерал цолыг хурааж эхлээд...

Б.Хурцын хошууч генерал цолыг хурааж эхлээд…

Зам болгон явсаар эцэстээ Ромд хүрдэг” гэсэн эртний хэлц үг бий. Сүүлийн жилүүдэд гарч байгаа томоохон дуулиант хэргүүд, улс төрийн булхай луйвар бүхний тайлалд Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцын нэр тодоос тод дуулддаг болоод удлаа. Үүнийг ч УИХ-ын гишүүн Б.Энхбаяраас эхлээд төр засгийн хэмжээнд ярьж, олон нийтэд сануулдаг болсон.

Эрх зүйн судалгааны бүтээлүүдэд, авлигын гол хор хөнөөл бол нийгмийн эрх зүйн ухамсарыг дарангуйлдаг гэж тодорхойлдог. Өөрөө хэлбэл, нийт иргэд, ялангуяа шинээр гарч ирж буй залуус ямар ч асуудлыг шийдвэрлэхдээ өөрийн хүч хөдөлмөрөөр хуулийн дагуу бус хэн нэгний нөмөр нөөлөгт орох, авилгалын хүчээр шийдвэрлэх нь зөв гэж боддог болох явдал юм. Энэ нь тухайн нийгэмд маш хортой зүйл. Гэвч өнөөдрийн манай нийгмийн нөхцөл байдал шударга бус гэх тодорхойлолт бүхий л салбарт тавигдаж, яригдаж байна. Хүн бүр хууль шүүхийн өмнө эрх тэгш байна гэсэн Үндсэн хуулийн заалт шүүх засаглал дээр аль хэдийнэ алдагдсан. Эрх мэдэл, албан тушаалтай, мөнгөтэй нэгэн хуулийн өмнө хариуцлага хүлээдэггүй. Энгийн ардын хүүхэд 10 мянган төгрөгийн хулгайн хэрэгт холбогдоод л ял авдаг шударга бус тогтолцоо бий болж, нийгмийг хамгийн ихээр бухимдуулж байна.

Үүний нэг тодорхой жишээ бол Тагнуулын ерөнхий газрын дарга асан, генерал Б.Хурцад холбогдох хэрэг. Б.Хурцтай холбоотой маш ноцтой хэргүүд, үйлдлүүд олон нийтэд ил болсон. Түүний олон тэрбумаар үнэлэгдэх үнэт эдлэл, олон тэрбумын зээлээ төлөөгүй түүхүүд яавч шударга байдлыг харагдуулахгүй байгаа юм. Өөрөөр хэлбэл, хууль хяналтын байгууллагын нүдэн дээр тодорхой байгаа үйлдлүүдэд тэд гараа ч хөдөлгөхгүй байгаа нь Б.Хурц улс төрийн үйл хэрэгт эрх чөлөөтэй оролцож яваагаас тодорхой харагдана. Ерөөс ийм явдал л нийгмийг бухимдуулдаг, өдөөдөг. Тиймдээ ч олон нийт тэсвэр алдаж байна.

Хуулийн практикт “дархлагдсан хулгайч” гэдэг ойлголт, нэр томьёо байдаг. Энэ нь Оросын эрүүгийн ертөнцийн “воры в законе” гэдэг хэллэгээс гаралтай. Нэг ёсондоо “ямар ч гэмт хэрэг үйлдэж, хууль зөрчиж байсан хэн ч яаж ч чаддагггүй нэгэн” гэсэн утгыг илэрхийлдэг. Б.Хурцыг үүнтэй зүйрлэхэд нэг их хол зөрөхгүй болов уу. Ийм л нөхцөл байдал өнөөдөр байсаар байгааг олон нийт хэлж ярьсаар байна шүү дээ.

Гэтэл өнөөдөр Б.Хурц пээдгэр байна. Энэ нь ч учиртай аж. Монгол Улсын тусгай хүчин, улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын нууцын зэрэглэлтэй мэдээ, материал бүхий л зүйлийг хариуцаж байдаг тагнуулын байгууллагыг удирдаж явсан тэрээр нэгэн цагт УИХ-ын чуулган дээр УИХ-ын гишүүн Лу.Болдыг “Цааш нь ярих уу, яах уу” хэмээн гөлөлзүүлж явсан. Тэгвэл тэр өнөөдрийн эрх баригчид, тэр дундаа Төрийн тэргүүн Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн эмзэг цэгийг атгасан гэж учир мэдэх хүмүүс ярих болжээ. Өөрөөр хэлбэл, Б.Хурцад Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “но” байгаа болохоор яаж ч чадахгүй, тэр хоёр бие биенээ хамгаална гэсэн тангарагтай… гэх мэтийн цуу яриа улс төрийн хүрээнд нэгэнт тархсан гэнэ шүү. Энэ нь түүний тагнуулын байгууллагад ажиллаж, төрийн томчуудын “но”-г илрүүлж, өөртөө ашигтайгаар эргүүлсэнтэй л холбоотой. Ингэж хардах үндэслэл бий.

Эндээс нэг зүйл тодорхой харагдана. Тагнуулын байгууллагыг удирдаж явсан үе үеийн хүндэт чекистүүд бий. Тэд хэзээ ч албан тушаалаа ашиглан бусдыг олны нүдэн дээр сүрдүүлж байсангүй. Б.Хурц УИХ-ын чуулган дээр Лу.Болдын хууль бус явдлыг олон нийтэд зарлаж байсан юм шиг боловч эцсийн үр ашиг нь өөрт нь л ирсэн хэрэг. Түүний “Цааш нь ярих уу яах уу” гэдэг үг “Надад сөгдөж яваарай” гэсэн л агуулга. Тэр ингэж л өнөөдрийн Монголын улстөрчид, хууль хяналтыг базаж байна. Тиймдээ ч түүний нэр холбогдсон олон тэрбумын зээлүүдээс эхлээд хууль бус үйлдлүүд нь гэмт хэрэг биш, зөрчил ч биш, ерөөсөө юу ч биш болж таарч байна.

Гадны өндөр хөгжилтэй улс оронд бол энэ нь эх орноосоо урвасан гэмт үйлдэлд тооцогдоно. Жишээлбэл, АНУ-д Холбооны мөрдөх товчооны захирлаар 19 жил тасралтгүй ажилласан Эдгар Хувер үе, үеийн ерөнхийлөгч нартаа хавтастай материал үзүүлээд албан тушаалдаа үлдчихдэг байсан дуулиант хэрэг бий. Яг л өнөөдөр Б.Хурцаас Монголын улстөрчид гөлөлздөг шиг эмээдэг байж. Гэвч түүний албаны шугамаар мэдсэн бүх мэдээлэл АНУ-ын төрийн өмч болохыг түүнд сануулж, ажлаас нь чөлөөлснөөр хэнийг ч айлгах чадваргүй жирийн нэгэн өвгөн болсон хэрэг бий. Гэхдээ Эдгар Хувер Б.Хурц шиг олон тэрбумын үнэт эдлэл, ИЗНИС компани, Хөгжлийн банкны зээл, олон тэрбумын хөрөнгөтэй болоогүй. Тэр парламентын гишүүнийг унтаж байхад чинь ална шүү гэж заналхийлж, мөн хачирхалтай “гүйцэтгэх ажиллагаа” гэгчийг явуулж, ядарсан эмэгтэйг эрүүдэн шүүж, 25 жилийн ял үүрүүлсэн гэх нийгмийн дуулианд холбогдож байгаагүй болов уу . Ингээд харахаар манай тагнуулын дарга асан АНУ-ын хуучин чекистээс ч хүчтэй, иртэй бяртай байна.

Б.Хурцын гар хөл урт, түүний хүмүүс шүүх, прокурор, хуулийн байгууллагуудад бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилласан хэвээр байгааг хэн, хүнгүй ярьсаар ирэв. Өөрөөр хэлбэл, түүний өнөөдрийг хүртэл хийсэн хууль бус үйл ажиллагаанд нь ямар нэгэн байдлаар оролцоотой, түүнд албаны мэдээлэл дамжуулдаг, ил далд байдлаар хаацайлж хамгаалдаг далд бүтэц ажиллаж байна гэсэн үг юм. Жижгээр харвал зохион байгуулалттай гэмт бүлэглэл, томоор яривал улс доторх улс буюу эв нь таарвал төрийн эрх мэдлийг булааж авах нууц нийгэмлэг ч гэж харж болох талтай.

АН гарвал Б.Хурц эргэж ирнэ, муудахгүй байя гэх бодол өвөрлөсөн хүмүүс олон байгаа нь нууц биш. Тэр бүү хэл “Б.Хурц эргэж ирвэл ёстой ална шүү” гэх айдас түгшүүрт автагсад ч цөөнгүй. Та хууль зөрчөөгүй тохиолдолд таныг хэн ч яаж ч чадахгүй шүү дээ гэхээр, “Юу ч зохиогоод хэрэгт хийнэ, урьд нь тэрийг ч яалаа, энийг ч яалаа” гэх баталгаа нотолгоогүй хэрнээ олны дундах тэнэмэл ярианаас айсан хүмүүс энүүхэнд. Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргээс харахад энэ болгоомжлол төдийлөн дэгс үг бас биш шиг ч санагдах болоод байгаа юм.

Байдал ийм байна. Ийм айдас түгшүүрийг бий болгож, нийгмийн аюулгүй байдал, иргэдийн сэтгэхүйд заналхийллийг бий болгоод байгаа энэ хүнд Монголын төр, эрх баригч нам анхаарах учиртай. Ц.Нямдорж 2004 онд ХЗЯ-ны сайд байхдаа тухайн үед жинхэнэ даварч, сонгодог рекет үйл ажиллагаа явуулдаг байсан эрүүгийн бүлэглэлүүдийг дарж нийгмийн харилцаа нэг хэсэг эрүүлжсэнийг нийтээрээ мэднэ.

Бидний сонгосон эрх зүйт нийгмийн гол зарчим бол хууль шүүхийн өмнө бүх хүн эрх тэгш байх ёстой. Гэтэл хэн нэгэн олон гэмт хэрэг үйлдсэн байж болзошгүй гэдэг нь ил тодорхой, баримт нь байсаар байхад шалгадаггүй, хариуцлага тооцдоггүй, дараагийн нам гарвал биднийг хууль зөрчөөгүй байсан ч яаж ч мэднэ гээд хүлээж суудаг үзэгдлийг нийгэмд бий болгож огт болохгүй байх аа. Үнэхээр ийм далд тогтолцоо ажиллаж байдаг бол тэдгээр далд хүмүүсийг бүгдийг нь илрүүлж, хуулийн болон ёс зүйн хариуцлага хүлээлгэж төрийн албанаас холдуулах шаардлагатай. Шүүр ажиллагааны дараагийн зорилт ч энэ байхад тун буруудахгүй.

Тиймээс юуны өмнө, нэгэнт эрүү шүүлтийн онц хүнд гэмт хэрэгт холбогдсон, төрөөс авсан олон тэрбумын зээлээ эргэж төлөөгүй, хууль бусаар хөрөнгөжсөн байх үндэслэлтэй гэх Б.Хурцаас Монголын төр “Хошууч генерал” цолоо нэн яаралтай хураавал яасан юм бэ. Нэгэн цагт Ерөнхийлөгч Х.Баттулга шүүхээр гэм буруу нь тогтоогдсон хүмүүсийн генерал цолыг хурааж байсан удаатай. Тэгвэл Б.Хурц эрүү шүүлтийн гэмт хэрэгт холбогдож, Төв аймгийн шүүхээс 1.5 жилийн сонссон. Өмнөх Ерөнхийлөгчийн жишгээр өнөөгийн У.Хүрэлсүх ч Б.Хурцын генерал цолыг хураах боломжтой. Дараа нь түүний нэр холбогдсон хэргүүдийг шалгаж, мухарлах нь зүйтэй. Учир нь тэр Монголын тагнуулын байгууллагыг маш муухай харагдуулж байна.

Эрхэм Төрийн гурван өндөрлөг өө, Монгол түмний маань төрийн сүлдэндээ залбирч, төрөө эрхэмлэн дээдэлдэг ёс үгүй болж, төрийг дан ганц авилгач, хулгайчдын бөөгнөрөл мэтээр харж, жигшин зэвүүцэж байна. Энэ бол иргэдийнхээ дэмжлэгийг алдаж, суурь нь өмхөрч буй төрийн шинж билээ. Хэрэв энэ байдлаар үргэлжилбэл нийгмийн эрс өөрчлөлт явагдах хөрс суурь бүрдэх эрсдэлтэй. Анхааран тольдож, хуулиар хүлээсэн ард түмнийхээ эрүүл аюулгүй аж төрөх нөхцөл боломжийг хангагтун.

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл оруулна уу!!!
Нэр оруулах

Холбоотой мэдээ

spot_imgspot_imgspot_imgspot_img
Шинэ мэдээ
Их уншсан
Их сэтгэгдэлтэй